Бензин тасалдсан далимаар Монгол дахь ОХУ-ын монопол байдал буурч эхэлжээ

.Graph
2026-10-12

Манай улсын шатахууны хэрэглээ ОХУ-аас шууд хараат байсан билээ. Тухайлбал, шатахуун газрын тосны бүтээгдэхүүний 97 хувь нь ОХУ-аас импортлогддог, бүрэн хараат байсан. Тэгвэл шатахууны тасалдлаар олон улстай уулзалт хийсний хүрээнд энэ хамаарлыг 70 хувь болгож чадсан талаар салбарын сайд нь ярилаа. Өөрөөр хэлбэл, шатахуун тасалдсанаар бид олон асуудалтай нүүр тулж байгаа ч бусад эх үүсвэрээс шатахуун импортлох гарц нээгдэж, Оросын хамаарлыг багасгаж байна. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням манай сайтын "Хоёр тал" ярилцлагад зочноор оролцохдоо энэ талаар ярьсан юм. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

Манай улсын сарын А92 бензиний хэрэглээ 75 мянган тонн. Бид үргэлж үүнээс ихийг авах хүсэлтийг ОХУ-д тавьдаг. Бид энэ сард 100 мянган тонныг авах хүсэлт тавьсан ч 57 мянган тонныг өглөө. ОХУ-ын тал сар болгон хуваарь баталдаг. Манайхтай байгуулсан гэрээний дагуу биш энэ сар болгон баталдаг хуваарийн дагуу энэ сард тэрэнд тэдийг өгнө гэх байдлаар хуваарилж байна.  Тиймээс би сар болгон очиж уулзаж байна. Тэгэхээр манайд 20 мянган тонн орчмын дутагдал гараад байгаа юм. 20 мянган тонн гэдэг бол Улаанбаатар хотын 10-аад хоногийн хэрэглээ. Энэ олдохгүй болчхоор бусад эх үүсвэрээс авах талаар ярина. 

Бид одоо нийт хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ-аас, 30 хувийг нь бусад эх үүсвэрээс авч байна. Бид өмнө нь 97 хувийг нь ОХУ-аас авдаг байсан шүү дээ. Одоо 30 хувийг өөр эх үүсвэрээс авдаг болсон гэхээр маш том амжилт. Бид БНХАУ-аас, БНСУ-аас, Сингапураас гээд авч болох бүх газраас авч байгаа. Тэр улсууд ч бас хоригтой байгаа шүү дээ. Бас л заавал очиж уулзаж байж л авч байгаа. Шатахуун гэдэг улс бүрд онцгой бүтээгдэхүүн болсон. Бүгд дотроо хомсдолтой байгаа учраас зарах сонирхолгүй. Бид мөнгөө төлж авч байгаа ч мөнгө чухал биш болчхоод байна. Бүтээгдэхүүн нь байх, үгүй нь л чухал болоод байна. Бид Орост талархалтай хандах ёстой. Өөрсдөө гадаадаас бензин импортлох хэмжээнд байгаа мөртлөө өөрийнхөө хөрш оронд өгч байгаа. Ганцхан манайд өгч байгаа гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe