Монгол Улс 2026 оны Азийн наадмаас нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, 27 дугаар байрт жагслаа. Энэ нь манай улс 1974 оноос Азийн наадамд оролцож эхэлснээс хойших медалийн чансааны хамгийн доогуур үзүүлэлт болж байна.
Японы Айчи муж, Нагоя хотод зохион байгуулагдсан Азийн зуны спортын XX наадам аравдугаар сарын 4-нд өндөрлөсөн. 20 дахь удаагийн Азийн наадамд 45 улс, бүс нутгийн ойролцоогоор 17,000 тамирчин, албаны хүн оролцож, 43 спортын 71 төрөл, 469 медалийн төрөлд өрсөлдлөө.
Медалийн хүснэгтийг БНХАУ 169 алт, нийт 341 медальтайгаар тэргүүлсэн бол зохион байгуулагч Япон 83 алт, нийт 269 медаль хүртэж, Азийн наадмын түүхэн дээд амжилтаа шинэчиллээ. БНСУ 39 алт, 150 медальтайгаар гуравдугаарт, Энэтхэг 21 алт, 85 медальтайгаар дөрөвдүгээрт, Узбекистан 21 алт, 70 медальтайгаар тавдугаарт бичигдэв.
“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн 30 спортын төрөлд 300 гаруй тамирчин өрсөлдөж, 1 алт, 1 мөнгө, 13 хүрэл, нийт 15 медаль хүртлээ. Монголын баг медалийн чанараар 27 дугаар байр, нийт медалийн тоогоор 20 дугаар байр эзэлсэн юм.
Монголын багийн хамгийн өндөр амжилтыг жүдо бөхийн төрөлд үзүүлж, Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны дүнгээр Монгол Улс жүдогийн медалийн хүснэгтэд 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байр эзэлжээ.
Монголын багийн цорын ганц алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд К.Ёолк хүртэв. Тэрээр финалд Узбекистаны жүдоч Абдурахимe Нутфуллоевыг 1 минут 30 секундэд иппоноор ялж, Монголын багийн "Айчи-Нагояа 2026" дахь анхны алтан медалийг авчирсан юм.
Монгол Улс энэ удаагийн наадамд 298 тамирчнаа оролцуулж, нийт 15 медаль хүртсэнээр медаль авсан 37 орноос 27 дугаарт эрэмбэлэгджээ. Өмнөх наадмуудтай харьцуулахад Монголын багийн нийт медалийн тоо төдийгүй алт, мөнгөн медалийн тоо буурсан нь анхаарал татаж байна.
Тухайлбал, 2014 оны Инчоны Азийн наадамд Монгол Улс таван алтан медаль хүртэж, 16 дугаар байрт жагсаж байсан бол 2026 онд ганц алтан медальтайгаар 27 дугаар байр эзэллээ. Өөрөөр хэлбэл, 12 жилийн хугацаанд медалийн чансаагаар 11 байр ухарчээ.
Мөн 2023 онд болсон Ханжоугийн Азийн наадамд хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн бол энэ удаа алт нэгээр, мөнгө дөрвөөр цөөрч, нийт медалийн тоо 20-оос 15 болж 25 хувиар буурсан байна.
Медалийн чанар муудаж, хүрэл медалийн эзлэх хувь өсжээ
Азийн наадмын улс орнуудын чансааг нийт медалийн тоогоор бус, эхлээд алтан медалийн тоо, дараа нь мөнгө, хүрэл медалийн тоогоор эрэмбэлдэг. Монгол Улсын 2026 онд хүртсэн 15 медалийн 13 нь хүрэл байгаа нь нийт медалийн 86.7 хувийг эзэлж байна. Харин алт, мөнгөн медаль нийлээд ердөө 13.3 хувийг бүрдүүлжээ. 2014 онд Монголын багийн медалийн 42.9 хувь нь алт, мөнгөн медаль байсан бол 2023 онд 35 хувь, 2026 онд 13.3 хувь болж буурсан байна. Энэ нь Монголын тамирчид медалийн тавцанд гарах амжилтаа хадгалж байгаа ч финалд шалгарч, аваргын төлөө өрсөлдөх үзүүлэлт суларсныг илтгэж байна.

Жүдо бөхийн тамирчид алт, мөнгөн медалийг авчирлаа
Монголын багийн цорын ганц алтан медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Казирбекийн Ёолк хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Тэрбишийн Ариунзаяа мөнгөн медаль хүртжээ.
Харин чөлөөт болон сонгомол бөх, бокс, дугуй, жюү жицү, цахим спортын төрлүүдээс хүрэл медаль хүртсэн юм.
Тухайлбал, Монголын цахим спортын шигшээ баг Mobile Legends: Bang Bang төрлөөр хүрэл медаль хүртэж, энэ спорт дахь Азийн наадмын медалийн амжилтаа үргэлжлүүллээ.
Төв Азийн орнуудын амжилт Монголынхоос өндөр байна
Энэ удаагийн наадамд Узбекистан 21 алтан медальтайгаар тавдугаар байр, Казахстан 12 алтан медальтайгаар наймдугаар байр эзэлсэн байна. Харин Монгол Улс нэг алтан медальтайгаар 27 дугаар байрт орсон нь бүс нутгийн өрсөлдөгч орнуудаас мэдэгдэхүйц хоцорсныг харууллаа. Азийн наадмын дүнгээс үзэхэд Монгол Улс зөвхөн медаль хүртэх тамирчдын тоог нэмэгдүүлэхээс гадна алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөх чадварыг сайжруулах, олимпын төрлүүдийн бэлтгэл, тамирчдын залгамж халаа, спортын санхүүжилтийн үр өгөөжийг эргэн үнэлэх шаардлагатай болж байна.
Азийн наадамд чамлахуйц үр дүн үзүүлсэн хариуцлгагыг хэн хүлээх вэ? ...
Сэтгэгдэл үлдээх