Д.Мөнхтулга: Бор зүрхээрээ босгосон “Дэлхийн сансрын долоо хоног”-ийг шинжлэх ухааны байгууллагууд гэж байдаг бол үргэлжлүүлэх ёстой

Д.Халиунаа
2026-10-12

“Дэлхийн сансрын долоо хоног” арга хэмжээ тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн хувьд “Пуужингийн хувьсгал” сэдвийн хүрээнд болж, нийт 16 аймаг, зургаан дүүргийн хэмжээнд ойролцоогоор 14 мянган хүүхдэд сансрын талаарх мэдлэг, ойлголтыг хүргэж чаджээ. Улаанбаатар хотод гэхэд ойролцоогоор 6,000 гаруй хүүхэд, залуус оролцож, улсын хэмжээнд 60 гаруй сургууль уг арга хэмжээг зохион байгуулсан байна.  

Энэ удаад бид “Dudu” боловсролын сангийн үүсгэн байгуулагч Д.Мөнхтулгатай ярилцлаа. 

Түүний ярьснаар, таван жил амжилттай зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ сүүлийнх байж магадгүй гэлээ. Мөн Дэлхийн сансрын долоо хоногийг зохион байгуулагч багийнхан өдийг хүртэл өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйл дээр тулгуурлан ажиллаж ирсэн бөгөөд нийслэл болоод төр засгаас дорвитой ганц дэмжлэг авч үзээгүй байна. 

Гэтэл дэлхийн улс орнууд аль хэдийн энэ талбарт гарч, БНХАУ-ын хоёрдугаар ангийн хүүхдүүдийн хийж байгаа туршилтыг бид одоо л ахлах ангийн хүүхдүүдээр хийлгэж байгааг онцоллоо. Түүнчлэн уг ажлыг цаашид төр засаг үргэлжлүүлэн авч явахыг хүсэж буйгаа илэрхийллээ. 

- Та бүхэн сансрын долоо хоног арга хэмжээг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ, хүүхэд, залууст ямар мэдлэг хүргэх зорилготой вэ?

- Дэлхийн сансрын долоо хоногийг НҮБ-ийн албан ёсны тогтоолоор 1999 оноос хойш дэлхийн улс орнууд тэмдэглэдэг болсон. Манай улсын хувьд 2022 оноос хойш буюу тав дахь жилдээ тэмдэглэж байна. Бидний гол зорилго бол хүүхдүүд, эцэг эхчүүд болон олон нийтэд сансрын шинжлэх ухаанаар дамжуулан тэдний сониуч занг өдөөх, шинжлэх ухааны сонирхолтой болох зэрэгт нь бага ч болов дэм өгөхийг зорьж байгаа. Мөн зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг, есөн дүүрэгт нэгдсэн байдлаар тэмдэглэж байна. Улсын хэмжээнд гэхэд 600 орчим сайн дурын ажилтан ажиллаж байна. Хамгийн гоё зүйл нь дэлхийн олон улс орнууд Монголын энэ арга хэмжээнээс шинэ зүйл суралцаж байгаа жишээнүүд ч байгаа. 

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээсээ юугаараа онцлог байв? 

- Дэлхийн сансрын долоо хоног жил бүр ямар нэг зорилго дор зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд “Rocket revolution” буюу “Пуужингийн хувьсгал” сэдвийн хүрээнд боллоо. Учир нь энэ жил хүн төрөлхтөн шингэн түлштэй пуужинг амжилттай хөөргөсний 100 жилийн ой тохиож байгаа юм. Одоо байгаа NASA, SpaceX, Roscosmos зэргийн аварга хүчтэй пуужингуудын суурь 100 жилийн өмнө тавигдаж байсан гэсэн үг. Маш олон улс орнууд энэ ойг тэмдэглэж байгаа. 

Манай баг 2024 оноос хойш бүх зүйлсээ хог хаягдал буюу картон цаас болон хуванцар хаягдлаар тохижуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр заавал үнэтэй, том тоног төхөөрөмжөөр бус энгийн зүйлсээр ч бүтээн байгуулалт хийж болдог гэсэн үзэл санааг түгээхийг зорьсон. 

- Монголчуудыг нийтээр нь авч үзвэл яг энэ шинжлэх ухааны чиглэлээс хол юм шиг санагдаад байдаг. Та энэ тал дээр юу гэж бодож байна вэ, мөн энэ арга хэмжээгээр дамжуулаад хүүхэд, залуус энэ чиглэлийн ойлголттой болж чадаж байгаа болов уу? 

- Яг үнэн. Хамгийн гол зүйл л энэ. Монголчууд ер нь нийтээрээ сансар, огторгуй гэхээр маш хол мэт ойлгодог. Ихэвчлэн модон жорлонгоосоо салаагүй байж юун сансар, юун тэнгэрийн юм яриад байгаа юм гэх хандлага байдаг. Гэтэл бидний хэрэглэж байгаа бүх зүйл ихэвчлэн сансрын технологи дээр тулгуурлаж байна. Сансар бол бидний салшгүй нэг хэсэг болчихсон шүү дээ. Одоо бидний дөнгөж ахлах ангийн хүүхдүүдээр хийлгүүлж байгаа “Modeling rocket” туршилтыг аль хэдийн Хятадад хоёрдугаар ангийн хүүхдүүд хөлбөмбөгийн ногоон талбайгаасаа пуужингаа хөөргөөд амжилттай газардуулаад байж байна. Гэтэл манайд төр засгийн бодлого, боловсролын систем болон шинжлэх ухааны академийнхан хүүхдүүдэд энэ талаар ойлголт, мэдлэг боловсрол өгдөггүй, үүнийг олж хардаггүй учраас л өнөөдөр сансар гэхээр л хол, хөндий санагдаж байгаа юм. Гэхдээ Дэлхийн сансрын долоо хоногоор нэг аймагт гэхэд багадаа 600-700, ихдээ 2,000-3,000 хүүхэд хамрагдаж байна. Мөн зөвхөн Улаанбаатарт гэхэд л арга хэмжээний үеэр 6-7 мянган хүүхэд зорьж ирсэн. Ингээд долоохон хоногийн хугацаанд 10-30 мянган хүүхдэд хүрч байгаа нь асар том нөлөөлөл юм.

Дээрээс нь сансар гэхээр л хүмүүс онгоц, пуужин, сансрын нисгэгчээр л төсөөлдөг. Гэтэл сансрын сэтгэл зүй, сансрын хоол, сансрын материал судлал гээд сар олон төрөл бий. Монгол залуучууд хоёр жилийн өмнө АНУ-ын Юта мужид байдаг Марсын цөлийн судалгааны төв дээр очиж, монгол малын мах болон монголын хөрсөнд ургуулсан хүнсний ногоог гүн хөлдөөж, хатаагаад уг төв дээр туршилт хийсэн байдаг.

-Та энэ удаагийн сансрын долоо хоног хамгийн сүүлийнх байж магадгүй гэсэн шүү дээ. Цаашид үргэлжлэхгүй гэсэн үг үү?

- Бид таван жил Дэлхийн сансрын долоо хоногийг амжилттай хийлээ. 21 аймаг биднээс үл хамаараад энэ арга хэмжээгээ зохион байгуулдаг болчихлоо. Сургуулиуд хүртэл бие дагаад хийдэг болчихсон. Үүнээс бид зорилгоо биелүүлчихлээ гэж харж байгаа. Одоо цаашид үүнийгээ долоохон хоног тайз засаад буулгаад хаячихдаг биш, ямар ч үед хүүхэд, залуус зорин очдог тийм орон зайг бий болгох хэрэгцээ, шаардлага байна. Үүнийг нийслэлийн хэмжээнд гэвэл нийслэл, аймгийн хэмжээнд бол орон нутгийн удирдлагууд нь хийх ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд бид энэ ажлыг үүрээд явах нь урт хугацаандаа ямар ч үр дүнгүй. Цаашид бид орон нутгийнханд ч юм уу дэмжлэг үзүүлээд явах байх. Одоогийнх шиг том хэмжээнд хийнэ гэж бодохгүй байна. 

- Аливаа улс орны хөгжил шинжлэх ухааны салбартаа хэр их хөрөнгө оруулалт хийж байгаагаас хамаардаг гэж сонсож байсан юм байна. Энэ талд манай улс ер нь ямар хандлагатай байна вэ, та бүхэн хамтарч ажиллаж байсан уу? 

- Маш зөв. Миний зүгээс бол нийслэлд нойл дүн тавина. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн ерөнхий газрыг эс тооцвол бид түүхэндээ нэг ч удаа нийслэл болон төр засгаас дэмжлэг авч байгаагүй. Мэдээж хандаж үзсэн байдаг. Хариуд нь шал эсрэг зүйлийг биднээс хүсэж байсан. Манай багийн итгэл үнэмшил, үнэт зүйлийн эсрэг байсан учраас дэмжлэгийг нь авч байгаагүй. Хоёр билүү гурван жилийн өмнө Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яамны лед дэлгэцийг л түрээсэлж байснаас биш төрөөс ямар ч дэмжлэг авч үзээгүй байгаа. Одоо харин бид Хүүхэд, гэр бүл хамгааллын ерөнхий газартай хамтран хүүхдийн хөгжил тэр дундаа шинжлэх ухаан, танин мэдэхүйн боловсролд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан учраас 21 нийслэл болон 21 аймагт үр дүнтэй зохион байгуулаад явж байна. Бид өөрсдийн бор зүрхээрээ энэ хүртэл яваад ирлээ. Одоо төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд гэж байдаг бол өөрсдөө үргэлжлүүлээд аваад явж болно. Тэгэх ч учиртай. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe