Сэтгүүл зүй цэвэршиж байж нийгэм урагшилна

Н.Саруулдөл
2026-10-13

Сэтгүүл зүй бол дөрөв дэх засаглал. Улиг болтлоо хэлүүлсэн энэ үг ардчилалд сэтгүүл зүй ямар чухлыг илтгэнэ. Бидний хамгийн том тансаглал бол эрх чөлөө. Эрх чөлөөний хамгийн том үнэт зүйл бол хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. 

Сэтгүүлчид бидний дайсан өмнө хэвлэлийг дураараа доромжилдог улс төрчид, хэвлэлийн хэзээ ч уншиж тоодоггүй хүмүүс байлаа. Бид уншигч, үзэгчийн хүрээгээ хэрхэн тэлэх вэ, хийгээд байгаа гоё сайхан зүйлээ уншигчдадаа хэрхэн хүргэх вэ гэж ноцож, тэмүүлж явлаа. Гэвч өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том дайсан нь улс төрчид биш, хэвлэлийг уншдаггүй тоодоггүй хүмүүс биш сэтгүүлчид бид өөрсдөө болчихлоо. Бид дотроосоо идэгдсээр сүүлийн үед зад үсэрч буйг дараалсан үйл явдлууд харуулж байна. 

1.Даам.мн сайтын эзэн Н.Болортуяа

Олон нийтийн сүлжээнд түүнийг 80 саяар хүнийг гүтгэн харлуулдаг гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харлуулсан материалыг Херо Б.Баатараас авч зохион байгуулалттайгаар тараасан хэмээн буруутгагдаж буй. Энэ талаараа тэрээр ямар нэг хариу өгөөгүй байна. Олон нийтийн хувьд 80 сая төгрөг хэр их мөнгө билээ, гэтэл хүн гүтгэн харлуулчхаад л 80 сая төгрөг авч байгаа юм уу хэмээн буруутгасан өнгө аяс харагдсан. 

2.Эгүүр.мн сайтын эзэн Ж.Мядагбадам

“Хатан туулаа аваръя” хөдөлгөөний идэвхтэнүүдийн талаар гүтгэн харлуулсан утгатай пост бичиж, үйл явдлын талаар мэдээлэхгүй эс үйлдэл гаргасан хариудаа нийслэлийн Сүхбаатар дүүрэгт 1 га орчим газрыг авсан хэмээн хардагдаж байгаа. Үүнд тэрээр тайлбар хийхдээ газрынхаа хажуу айлуудын газрыг худалдан авч бөөгнүүлж байгаад шилжүүлж авсан нь нэг дор авсан мэт харагдлаа хэмээсэн. Олон нийтийн сүлжээнд түүнийг өмөөрөх ч хүмүүс байна, буруутгах ч хүмүүс байна. Өмөөрч буй хүмүүс нь ихэвчлэн манай салбарын топ-10 хэмээн нэрлэгддэг сайтын эзэд, Эгүүр сайтад ажиллаж байсан ажилчид байна. Харин буруутгаж буй хүмүүс нь Улаанбаатарт газар авах ямар хэцүү билээ, гэтэл улс төрчтэй ойрхон хүмүүс арав арваар нь багцлаад авдаг юм байна гэхчлэн бичиж буй.

4.Т.Шинэбаяр

Сэтгүүлч ч юм шиг, үгүй ч юм шиг энэ хүнийг цагдан хорьчихлоо. Редакцгүй, сайтгүй болохоор сэтгүүлч биш гэж хэлж болох ч, юмны мөрөөр яваад сошиал дээрээ контент хийгээд байгааг нь харахаар чөлөөт сэтгүүлч ч гэж хэлж болохоор. Гэвч түүнийг эхлээд прокурорын зөвшөөрлөөр 48 цаг, дараа нь шүүхийн захирамжаар 30 хоног цагдан хорих шийдвэр гарчихсан. Түүнийг хоригдохын өмнө ЕТГ-аас мэдээлэл хийж, тэднийг шантажилсан хэмээн мэдэгдээд удалгүй баривчилсан билээ. Олон нийтийн сүлжээнд түүнийг У.Хүрэлсүхийн захиалгаар хорьчихлоо гэх нэг тал байгаа ч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга асан Х.Нямбаатар нарын явуулга орсон ч гэж үзэх хүмүүс байгаа юм. Учир нь, энэ үйл явдал улс төрийн өрөг дээр Ерөнхийлөгчийг муухай харагдуулж, Т.Шинэбаярыг өмөөрсөн Х.Нямбаатарын оноо нэмэгдээд байгаа юм. 

Сүүлийн хэдхэн хоногийн дотор өрнөж буй манай салбарын үймээн самуун ганц л зүйлийг тод томруун харуулж байна. 

Монголын сэтгүүл зүй нэгэн том сорилтын өмнө иржээ.

Бид нийгмээ сэхээн сэнхрүүлэгчид байх юм уу, мунхруулагчид байх юм уу. Зүй ёсондоо бол сэтгүүл зүй өөрөө эрүүл байж гэмээнэ нийгэм алгуур урагшилна. Гэвч нийгмээ урагш чирж явах ёстой сэтгүүлчид бид өөрсдөө эргэлзээ, хардлагын бай болоод дууслаа. Үүний цаана улсын том том асуудлууд мартагдаж байна. Улсын төсөв яах юм бэ. Жилийн өдийд бол төсөв тойрсон олон үзэл бодол хэвлэлүүдээр хөвөрч байдаг байлаа. Гэтэл бид өөрсдийнхөө хөрөнгө төвсийг ухуулаад байж байна.

Сэтгүүлчид эвтэй байж, салбараа өмөөрч хамгаалах ёстой гэж зарим сэтгүүлч хэлж байна. 

Үгүй ээ. Ингээд дотроосоо өтсөн алим шиг шидэх төдийд л бяц үсрэх хэмжээний хэврэг хэвээрээ байя гэж байгаа юм уу. Сэтгүүлч хулгай хийчихсэн байвал дундаа сайхан нуугаад өнгөрөөх хэрэгтэй гэж байгаа юм уу. Сэтгүүл зүй бол нэгдэн нийлж, хулгай луйвраа далдлан нуудаг талбар биш. Сэтгүүл зүй гэдэг хамгийн ил тод салбар, сэтгүүлч гэдэг үнэнийг тогтоохын төлөө өөрөөсөө эхэлж хариуцлага шаарддаг мэргэжил. Тиймээс бид өнөөдөр өөрсдөө эхлээд цэвэрших хэрэгтэй байна аа. 

Эцсийн эцэст нийгэм яаж ийгээд урагшлах ёстой. Нийгэм урагшлахын тулд сэтгүүл зүй эхлээд цэвэр болох ёстой. Сэтгүүл зүй цэвэр болохын тулд сэтгүүлч бүр хариуцлагатай, шударга байх ёстой. Ингэж гэмээнэ нийгэм сая нэг урагшилна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Тантай санал нэг байна нийгмийн толь 4 засаглал ардчилал шударга ёсны манаач гэж нэрлэгддэг олондоо түмэндээ хүндлэгддэг сэтгүүлчид маань бузар булайтай эвлэрч хутгалдажжээ

Цагаадай

Дэмжих үү?

0 0

Нэг дадлага дээр Улстөрч.мн сайтын сэтгүүлч Батхуяг гуай "Сэтгүүлч мэргэжил бол нийгмийн эмч" гэж билээ. Эмчилмээр байна.

А

Дэмжих үү?

1 0

Үнэхээр бүтэхгүй ээ яанаа🤦‍♀️ Ийм шантааж гаруудаас болж шударгаар ажил үүргээ гүйцэтгээд явж буй сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбар тэр чигтээ нэр нүүрээ алдлаа.

Н

Дэмжих үү?

1 0

сайн нийтлэл бичдэг сэтгүүлч шүү

zochin

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe