О.Батчулуун: Багахангай–Эмээлтийн төмөр зам хотын аюулгүй байдал, логистикт чухал нөлөө үзүүлнэ

.Graph
2026-10-13

Монгол Улс нийслэл хотоо тойрсон төмөр замтай болсон түүхэн мөч, монголын төмөр замын түүхэнд шинэ хуудас нээгдэж байна. Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замын их бүтээн байгуулалтыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан гүйцэтгэж буй. Тус компанийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунтай ярилцлаа.

------------------------------------------------------------------------

-Монгол инженерүүд, үндэсний компаниуд төмөр замаа барьж дуусгаад нээлтийн үйл ажиллагаа хийсэн байна. Юуны өмнө Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын өгөөжийг монголчууд өдөр тутмын амьдрал болон улсын эдийн засагт ямар өөрчлөлтөөр мэдрэх вэ. Бидэнд тулгарч буй ямар асуудлуудыг бодитоор шийдэх вэ?

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр зам Монгол инженерүүдийн ур ухаан, үндэсний компаниудын хүчээр 24 цагийн горимоор зогсолтгүй ажиллаж 2025 оны хавар эхлүүлээд үндсэндээ жил хагасын хугацаанд барьж ашиглалтад оруулж улсын комисст хүлээлгэн өглөө.

Ер нь энэ төслийг эхлүүлэх санал санаачлагыг одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлж байхдаа анхлан бодлогын шийдэл гаргаж байсан бөгөөд дараа дараагийн Засгийн газрууд улс орны стратегийн чухал ач холбогдолтой энэ ажлыг Монголын Төмөр Зам компанид хариуцуулсан тогтоол, шийдвэр гаргаж байсан нь бидний хувьд маш өндөр хариуцлага, итгэл найдвар байсан билээ.

Улаанбаатар хотын эдийн засаг, логистик болон аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөө үзүүлэх Үндэсний хэмжээний стратегийн чухал бүтээн байгуулалтыг бид амжилттай хийж гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээн авч анхны галт тэрэг аялуулах нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сум, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын урдуур чиглэн Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин Эмээлт өртөөнд холбогдсон.

Үндсэн 127.1 км төмөр замын 114 дэх километрт Шинэ өртөө нэртэй өртөөг байгуулж түүүнээс салбарлан одоогийн Толгойт өртөө хүртэл 18 км төмөр зам баригдаж Улаанбаатар хотын  дулааны цахилгаан станцуудын нүүрсийг энэ төмөр замаар ханган нийлүүлэх юм.

Улаанбаатар төмөр зам төв магистрал шугамаараа жилд 30 сая тонноос доошгүй ачааг нэвтрүүлж байгаа. Энэ хэмжээ өнгөрсөн онд 32 сая тонн болж нэмэгдсэн. Харин Багахангай-Хөшигийн хөндий- Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төв замаар нэвтрүүлж буйтай дүйцэхүйц хэмжээний ачааг тээвэрлэх юм. Замын зэрэглэлийг тээж нэвтрүүлж буй ачааны тоо хэмжээ, ачааллаас шалтгаалж тогтоодог.

Тэгэхээр шинэ төмөр зам дөрвөн өртөө, гурван зөрлөгтэй, 1520 мм цариг, нэг голын даац 25 тонн. Жилд 30 гаруй сая тонн ачааг нэвтрүүлнэ гэхээр ТЭЗҮ-д туссан техникийн үзүүлэлт, зэрэглэлээ бүрэн хангаж байгаа.

Төслийн хүрээнд Монголд анхдагч гэж хэлж болохоор онцлогтой байгууламж, бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Гүн ухмал, далангийн өндөр, хамгийн урт гүүр, суурьшлын бүсүүдийг дайруулах гээд эдийн засаг, цаг хугацаа хэмнэсэн, шинэ тутам сорилт туршлага болсон шийдлүүдийг бид амжилттай гүйцэтгэлээ. Говийн нөхцөлд Ханги Мандал, Зүүнбаян, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн ч том төмөр замыг бид барьсан бол энэ удаагийнх хангайн бүсэд анх удаа хэрэгжсэнээрээ онцлогтой. Энэ ч утгаараа олон жил хүлээгдсэн уг төсөл зөвхөн 127.1 км төмөр зам барих ажил биш, Улаанбаатарын ачаа тээвэр, логистикийн бүтцийг өөрчлөх томоохон шийдэл болсон гэж хэлж болно.

Эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага талаас нь харвал Улаанбаатарын төвлөрлийг сааруулах буюу нийслэл хотын хэт төвлөрлийг задлах, шинэ суурьшлын бүс болон дагуул хотуудыг  хөгжүүлэхэд тээвэр, логистикийн найдвартай дэд бүтэц болно. Мөн тээврийн нэгдсэн зангилаа үүсгэхэд “Чингис хаан” олон улсын нисэх буудал болон Хөшигийн хөндийн логистикийн төвийг үндсэн төмөр замын сүлжээтэй холбож, агаарын болон төмөр замын холимог тээврийн боломжийг нээх, аж үйлдвэрийн паркуудыг дэмжиж хөнгөн үйлдвэрлэлийн бүсүүдийг түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх хямд, бүтээмжтэй шугамаар хангах хэрэгцээ шаардлагад гол түлхэц болж өгнө гэж харж байгаа. Том зургаар нь харвал Улаанбаатар олон улсын жишигт нийцсэн тээвэр, логистикийн зөв бүтэцтэй, аюулгүй эко хот болон хөгжих боломж нээгдэх ач холбогдолтой.

Хөшигийн хөндийг эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн гол "судас" буюу суурь дэд бүтэц болно.

-Хөшигийн хөндийд шинэ хот, эдийн засгийн чөлөөт бүс, логистикийн төв, үйлдвэрүүд төвлөрнө гэж байгаа. Энэ төмөр зам эдгээр бүтээн байгуулалтын эдийн засгийн суурь дэд бүтэц болж чадах уу?

Мэдээж тэгэлгүй яахав. Энэхүү төсөл нь Хөшигийн хөндийг тээвэр логистик, аж үйлдвэрийн бие даасан мега зангилаа болон хөгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх бөгөөд Хөшигийн хөндийг эдийн засгийн эргэлтэд оруулах хамгийн гол "судас" буюу суурь дэд бүтэц мөн юм. Хөшигийн хөндий буюу шинэ нисэх онгоцны буудлын ойролцоо  өргөн хэрэглээний, Шувуун фабрик орчимд аюултай ачааны гэсэн  терминалтай өртөө байгуулагдана.

Логистикийн нэгдсэн сүлжээ болон тээврийн зардлыг бууруулах талаас нь харвал одоогийн байдлаар импортын болон транзит ачааны дийлэнх нь Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг. Шинээр баригдах Хөшигийн хөндийн тээвэр логистикийн нэгдсэн төв төмөр замтай холбогдсоноор жилд 25 сая тонн хүртэлх ачааг боловсруулах хүчин чадалтай болж, тээврийн өртгийг бууруулна. Багахангай өртөөнөөс салаалан Хөшигийн хөндийгөөр дайрч Эмээлт өртөөнд эргэн холбогдох энэхүү тойрог зам нь Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор болон Транс-Монголын төмөр замын төв шугамтай шууд холбогдоно. Энэ нь Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийг дэлхийн болон бүс нутгийн зах зээлд гарахад нь хамгийн дөхөм тээврийн гарц болно.

Төмөр замын сүлжээ Эмээлт чиглэлд холбогдсоноор тус бүсэд баригдаж буй үйлдвэрүүд болон "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг дотоод болон гадаадын зах зээл рүү төмөр замаар шууд, хямд өртгөөр тээвэрлэх суурь бүрдэнэ гэж тооцоолж байгаа.

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулж, тэсэрч дэлбэрэх аюултай ачааг хотын төвөөр цаашид тээвэрлэхгүй

-Та бүхний үндэслэл, тооцоо судалгаагаар энэхүү төмөр зам хотынхны хамгийн том асуудал болсон түгжрэлийг хэрхэн шийдэх вэ. Мөн хамгийн анхаарал татахуйц нь хүн ам төвлөрсөн бүсээс аюултай ачаа тээврийг холдуулах зорилготой гэсэн. Энэ эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

-Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал болох замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, Нийслэлийн автозамын түгжрэлийг зохих хувиар бууруулна гэсэн тооцоолол хийсэн. Улаанбаатар төмөр замын төв магистрал шугам хотын яг тэг дундуур дамжин өнгөрдөг. Энэ маршрутаар манай дотоодын хэрэгцээнээс гадна хоёр улсын хоорондын транзит ачаа нэвтэрдэг. Мөн Улаанбаатар төмөр замын авто замтай огтлолцсон дөрвөн гол огтлолцол, 14 салаа салбар замын гарам, уулзварууд байдаг. Эндээс яагаад түгжрэлийг тодорхой хувиар бууруулна гэж тооцсон бэ гэдгийг ойлгож байгаа байх. Хотын төвөөр хоногтоо 24 хүртэлх цуваа гал тэрэг хөдөлгөөнд оролцдог. Ингэхдээ төмөр зам давуу эрхтэй оролцдог учраас замын хөдөлгөөнийг өдөрт 144 минут буюу 2 цаг 24 минут хаадаг гэсэн үг. Зорчигчийн галт тэрэг хоёр минут, ачааных дөрвөн минут хөдөлгөөнийг “түгжинэ” гэж үзвэл жилд явдаг 10-11 мянган хос галт тэрэг хэр хэмжээний ачаалал үүсгэх нь тодорхой. Хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадаг хугацааг 130 минутаар багасгах боломж бүрдэж, автозамын түгжрэлийг бууруулахад үлэмж хувь нэмэр оруулна.  

Хөшигийн хөндийд шинээр тээвэр логистикийн нэгдсэн төв баригдсанаар жилд Улаанбаатар хотод байрлах тээвэр логистикийн төвүүдээр дамжин ирдэг 3.5 сая тонн орчим импортын бараа, бүтээгдэхүүн нийслэл хотод буухгүй, шинэ төвд боловсруулалт хийгдэнэ. Ингэснээр хоногт дунджаар 316 – 1800 орчим том оврын автомашин нийслэлийн замын хөдөлгөөнд оролцохгүй болж авто замын хөдөлгөөний ачаалал буурах боломж бүрдэх ба  хотын дундуур явж байгаа төмөр замтай огтлолцож байгаа нэг түвшний гармууд байхгүй болно гэсэн үг.  

Түүнчлэн орон нутгийн бараа материал татах авто тээврийн үйл ажиллагаа Улаанбаатар хотоор дайран өнгөрөхгүй бөгөөд төмөр зам ашиглалтад орсон эхний жилээс 3.5 сая тонн ачаа, цаашлаад жил тутам өсөн нэмэгдэж 20 сая тонн ачааг Хөшигийн хөндийд шинээр тээвэр логистикийн нэгдсэн төврүү төмөр замаар тээвэрлэх боломж бүрдэж, нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдол үзүүлэх төсөл болж байна.

 Хоёрдугаарт, Улаанбаатар хот аюултай ачааны өндөр эрсдэлтэй бүс. Аюултай ачаа гэхээр хүмүүст төмөр замын тээвэртэй холбоогүй ч Дүнжингаравын дэлбэрэлт санаанд нь буудаг. Ер нь бол аюултай ачаа суурьшлын бүсэд осолдвол ямар үр дагавар, хор хохирол учруулж болохыг харуулсан бодит жишээ шүү дээ. Хүний амь нас хохирсноос гадна сэтгэл санаа, эд материалын хохирол өнөөдрийг хүртэл бүрэн шийдэгдээгүй гэсэн мэдээлэл гарсаар байна.

Хотын төвөөр дайран өнгөрч байгаа транзит ачааг ангилаад үзвэл жилдээ 34 нэр төрлийн 2.5 сая тонн аюултай ачаа тээвэрлэсэнг цаашид УБ хотоор тээвэрлэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Тодруулбал УБ хотоор жилдээ аюултай ачаа буюу дизель түлш 49 хувь буюу 1.2 сая тонн, шатахуун 35 хувь 869 тонн, аммоны нитрит таван хувь 124 тонн, газ гурван хувь 74 тонн, бусад аюултай бодис найман хувь 198 тонныг тээвэрлэж байна. Эдгээр аюултай ачааг тээвэрлэсэн 400-500 вагон сар бүр Улаанбаатар, Толгойт өртөөнд 5-10 хоног зогсдог. Үүнийг хотоос гаргаж Богдхан уулын урдуур тээвэрлэх нь хамгийн чухал бөгөөд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой.

-Монголд анхдагч гэж хэлж болохоор байгууламжууд бий гэлээ. Төслийн хүрээнд Монгол инженерүүд, үндэсний компаниуд өмнө нь хийж байгаагүй ямар инженерийн шийдэл, байгууламжийг анх удаа бие даан гүйцэтгэв. Тэдгээр нь хөрөнгө оруулалтын зардал, бүтээн байгуулалтын цаг хугацаанд ямар нөлөө үзүүлсэн бол?

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт төмөр замыг Налайхаар дайран Улаанбаатар хотоор нэвтэрдэг хуучин төмөр замтай харьцуулахад илүү шулуун, богино чиглэлээр барьж байна. ТЭЗҮ-д тусгасны дагуу 1279.11 метр гүүрэн байгууламж, 127 ус өнгөрүүлэх хоолой барьсан. Тэр дундаас онцлох юм бол Монгол инженерүүд анх удаагаа Туул гол дамнасан Монголын хамгийн урт төмөр гүүрийг барилаа. Өмнө нь Гашуунсухайтын төмөр зам дээр 430 метр гүүр барьсан бол энэ удаад 38 дам нуруутай, 20 тулгуур баганатай, 476 метр урттай гүүрийг үндсэндээ 150 хоногт барьж дуусгалаа.

Мөн манай инженерүүдийн хувьд бүтээн байгуулалтын хамгийн сорилттой, хүндрэлтэй гэж хэлж болохоор хэсэг нь 33 метр хүртэлх гүн ухмал хийх шийдэл байлаа. Төслийн хүрээнд 33 метр гүнтэй, 4 сая куб.метр ухмал хийсэн. Дэлгэмэл өргөнөөрөө 54 метр харагдана л даа.  

Туннель, ухмал аль аль нь онцлогтой. Ухмалын шийдэл нь зардлын хувьд хэмнэлттэй. Тунелиэс 2-3 дахин эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна хугацаа хожих давуу талтай. Түүнчлэн төслийн зам өгсүүр маршрут бага, уруу зам ихтэй учраас үргэлжлэх хугацаа, түлш бага зарцуулна.

Мөн 22 метрийн өндөртэй 176 метр гүүрэн байгууламжийг анх удаа монгол компаниудын нэгдэл чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж чадвараа баталгаажуулаа. Төслөөс Монголд үлдэх туршлага, үнэ цэнийг үнэлшгүй юм.

 -Ерөнхийдөө үндэсний гэх тодотголтой энэ төслөөс Монголд, төмөр замын салбарт үлдэх үнэ цэнийг хэрхэн харж байна вэ?

Аливаа улс оронд томоохон төслүүд хэрэгжсэнээр тухайн орны инженерингийн потенциал, чадамж сайжирдаг. Төслийг дагаж шинэ технологи нэвтэрч, олон залуус чадавхжиж гарч ирдэг. Энэ бол ямар ч мөнгөөр үнэлэх боломжгүй оюуны үнэ цэн, хөрөнгө оруулалт юм. Яг үүнтэй адил Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн шинэ төмөр зам төсөл монгол инженерийн  шийдлийн цар хүрээг тэлэх, нэр хүндээ өсгөх, мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй болгох, технологийн дэвшлийг нутагшуулах, хөрөнгө оруулалтын өгөөжийг бий болгож байна. Энэ төслөөс үлдсэн туршлага, чадвар, технологийн шийдлээрээ дараагийн ямар ч бүтээн байгуулалтыг бусдын гарыг харахгүйгээр монгол инженер, үндэсний компаниуд хийх бүрэн чадамжтай болсон гэж харж байгаа. Энэ чадварууд бол юугаар ч орлуулшгүй оюуны хөрөнгө оруулалт болж, цаашлаад олон боломжийг нээж өгөх үүд хаалга болж өгнө. Энэ том бүтээн байгуулалтад гадны нэг ч компани оролцоогүй.

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн барилга угсралтын ажлын бүхий л үе шатанд 4000 гаруй Монгол инженер, ажилчид, тэр дунд 1000 гаруй нь орон нутгийн боловсон хүчин байсан. Үндэсний 161 аж ахуйн нэгж, компани, 1500 гаруй техник хэрэгсэлтэйгээр жил гаруй хугацаанд 24 цаг зогсолтгүй ажиллалаа. Үүгээрээ монголчуудын бүтээж буй үндэсний төмөр зам боллоо гэж гар бие оролцсон бүх хүнээрээ бахархах ёстой.

-Өмнө боловсруулсан Богдхан төмөр замын ТЭЗҮ-ийн хувилбаруудтай харьцуулахад энэ трасс хөрөнгө оруулалтын хувьд ямар давуу талтай болсон бэ? Нэг километр төмөр замд ногдох хөрөнгө оруулалтаас гадна замын бат бөх найдвартай байдалд ямар баталгаа өгч байгаа вэ?

2022 онд боловсруулсан “Богдхан төмөр зам”-ын техник эдийн засгийн үндэслэлтэй харьцуулахад өмнөх хувилбар нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Аршаант өртөөнөөс Мааньт өртөө хүртэл I зэрэглэлийн төмөр зам, нийт 144.9 км урт, уулзваргүй байхаар төлөвлөсөн байсан. Трассын дагуу хоёр байршилд 14.6 км туннел, 5.4 км гүүрэн байгууламж, 135 ширхэг ус өнгөрүүлэх төмөр бетон хоолойтой бөгөөд газар шорооны ажлын хэмжээ нь 29 сая орчим метр.куб болсон. Төслийн барилга, угсралтын төсөвт өртөг 1.4 тэрбум ам.доллар байхаар төлөвлөсөн. Харин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам дөрвөн өртөө, гурван зөрлөг, 127 ширхэг ус өнгөрүүлэх хоолой, 25 тоннын гол даацтай, 26 сая м³ газар шорооны ажил, туннелгүй, 1279.11 метр урт гүүрэн байгууламжтай, III зэрэглэл байхаар ТЭЗҮ-д туссан. Барилга угсралтын хөрөнгө оруулалтын төсөв 1.4 тэрбум ам.доллараас 555.5 сая ам.доллар бараг 3 дахин буурсан. Бас нэг онцлог нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төмөр замын чиг нь замын муруй, удирдах хэвгий зэрэг техникийн үзүүлэлтүүдээр давуу талтай гэж бид харж байгаа.

Мэдээж хувилбар бүр өөрийн гэсэн давуу болон сул талуудтай гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн төмөр замын чигийн сонголт болон техникийн шийдлээс шалтгаалан төсөвт өртөг харилцан адилгүй байдаг. “Монголын төмөр зам” ТӨХК хөрөнгө оруулалтыг харьцангуй бага байхаар төлөвлөсөн.

Төмөр зам барьж байгаа материалын хувьд гангийн найрлага 340 HB-гээс дээш хатаалттай, хатуулаг өндөртэй зам төмрийг ашиглаж байгаа. Жилдээ 30 сая тонн ачаа нэвтрүүлэхэд нэг мм-ийг 10 хуваасны нэг хэмжээтэй тэнцэх элэгдэл үүснэ гэсэн үг. Ийм нарийн технологийн сайн зам төмрийг сонгож авч хийсэн.

-Та бүхэн шинэ төмөр замын дараагийн гарцыг хэрхэн харж төлөвлөж байна вэ?

Төмөр замын төслүүд хэрэгжсэнээр олон талын өгөөжийг бий болгодог. Нүүрсний тээвэрлэлтийн зардлыг багасгаж, БНХАУ-ын коксжих нүүрс импортлогч хамгийн том бүс, мужууд дахь үйлдвэрүүдэд хямд зардлаар нүүрс хүргэнэ. Монгол Улсаар дамжин өнгөрөх экспортын хэмжээ нэмэгдсэнээр эдийн засагт онцгой ач холбогдол үзүүлнэ. Ашигт малтмалын нөөц бүхий идэвхигүй ордуудаа ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нээгдэнэ. Хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөөг үзүүлнэ, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжинө. Орон нутагт төмөр замыг дагаад олон ажлын байр шинээр бий болохоос гадна олборлолтын хэмжээ нэмэгдсэнээр уурхайнууд, тэдгээрт үйлчлэх салбаруудын олон мянган ажлын байр хадгалагдаж, нэмэгддэг.

Өнөөдөр Монгол Улсын экспорт, импортын гол ачаа (ялангуяа нарийн бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн) ганцхан Замын-Үүд–Эрээн боомтын босоо тэнхлэгээс хамааралтай байна. Энэхүү ганц сувгаас хамааралтай байдал нь цар тахлын үе шиг хил хаагдах, эсвэл Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх хүчин чадал тулах үед эдийн засгийг бүхэлд нь эрсдэлд оруулдаг. Харин  Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр зам Номгон-Ханги чиглэлтэй холбогдвол Монгол Улсын экспорт, импортын ачаанд Замын-Үүд-Эрээнээс өөр төмөр замын шинэ гарц бий болгох стратегийн боломж бодитоор хэрэгжих бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, манай улсад экспорт, импортын төмөр замын өөр нэг гарц бий болно гэж ойлгох хэрэгтэй. Замын-Үүд рүү ирэх ачааллыг хамгийн багадаа 30-40%-иар хуваалцаж, тээврийн гацаа, хүлээлгийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулна.

Багахангай-Номгон чиглэлийн төмөр замын бас нэг ач холбогдол нь Бугат орчмын томоохон гангийн үйлдвэрүүдэд төмрийн хүдрийг хамгийн дөт замаар хүргэх боломж бүрдэж, төмөр замын трасс дагуух уул уурхай ашигт малтмалын орд газрууд эдийн засгийн эргэлтэд орох боломжтой. Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлд бол дотоодын аж ахуйн нэгжид төмөр замыг ашиглах хүртээмж нэмэгдэнэ гээд яриад байвал маш их ач холбогдол, үр өгөөж бий.  

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам цаашлаад босоо коридоруудтай холбогдвол Монгол Улсын ирээдүйн төмөр замын сүлжээний нэг зангилаа гэж харж болно. Зүүн босоо чиглэлийн Чойбалсан-Хөөт-Бичигт болон 1255 км урт баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийнсухайт–Шивээхүрэн зэрэг төслүүдтэй холбогдсоноор олон улсын тээвэр, логистикийн зураглалд ихээхэн өөрчлөлт орох боломжтой.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Улс орны томоохон хэмжээний бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн танд болон танай хамт олонд таниар дамжуулан үндэсний бүтээн байгуулагч компаниуддаа цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

-Баярлалаа.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe