2026 оны төсвийн тодотголд тусгасан сургууль, цэцэрлэгийн байрны түрээсийн 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасах асуудал нь хүүхдийн сурч боловсрох эрх, боловсролын тэгш хүртээмжтэй холбоотой асуудлыг хөндөж байна.
Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн явцад энэхүү зардлыг хасах саналыг УИХ-ын гишүүн Б.Жаргалан гаргасан юм. Хасах саналаа ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль орж ирсэн тодорхойгүй байсан шалтгаанаар энэхүү зардлыг хасах санал оруулсныг гишүүдийн олонх дэмжсэн. Эцсийн санал хураалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ баасан гарагт шийдэхээр байна.
Улс төржилтийн улмаас түрээсийн 4 сарын зардлыг хасах нь 9900 хүүхдийн сурах эрхийг хөсөрдүүлнэ
Боловсролын яамны боловсруулсан төсвийн тодотголын саналд ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн сарын түрээсэнд 7.7 тэрбум, цэцэрлэгийн байрны түрээсэнд 6.2 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ.
Салбарын яамны мэдээлснээр төрийн өмчийн сургуулиудын гуравны хоёр нь хоёр ээлжээр хичээллэж, 251 сургуулийн бүлэг дүүргэлт нормативаас хэтэрсэн байна. Мөн нийслэлийн 77 сургуульд 46-аас дээш сурагчтай 1089 бүлэг хичээллэж байгаа аж.
Ийм нөхцөлд түрээсийн санхүүжилтийг орлох зохицуулалтгүйгээр хасвал анги танхимын хүрэлцээ буурах, хүүхдүүдийг гэрээс нь хол сургуульд шилжүүлэх, нэг ангид суралцах хүүхдийн тоо нэмэгдэх эрсдэл үүснэ.
Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүр сурч боловсрох эрхтэй бөгөөд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгохоор заасан. Иймээс түрээсийн санхүүжилтийг хасах эсэхийг шийдэхээс өмнө хэдэн хүүхэд, хэдэн анги танхимд нөлөөлөх, тэдгээрийг хаана шилжүүлэн суралцуулах, сургалтын хэвийн үйл ажиллагааг хэрхэн хангах талаар нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай байна.
Ачааллыг бууруулж хүүхдийг хүйтэнд хол явуулахгүй гэх түрээслийн сургуулиудын зардлыг батлахдаа нийтлэг эрх ашиг, хүүхдийн сурах эрх, нийслэл хотын түгжрэл гэсн улс төржилтөөс давсан асуудлуудыг бодож гишүүд санал хураалтандаа орцолцох нь зүйтэй.
Сэтгэгдэл үлдээх