Олон нийтийн сүлжээнд Хариад Уянга хэмээн танигдсан иргэн Г.Уянгаа ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сэтгүүлч Н.Өнөрцэцэгт үзүүлсэн уучлалыг цуцлуулахаар гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн. Тэгвэл түүний уучлалыг цуцалж болох уу, эрх зүйн хувьд энэ боломжтой эсэхэд хариулт хайя.
Уучлал гэж юу вэ?
Олон нийтийн хувьд аливаа ялтныг өршөөх, уучлах, цагаатгах гэсэн гурван ойлголтыг хольж солих тал байдаг.
Процесс хэрхэн өрнөв?
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уучлагдсан. Өөрөөр хэлбэл, би ийм гэмт хэрэг хийсэн нь үнэн, би дахиж ийм зүйл хийхгүй, би нийгэмдээ шударгаар, хууль ёсны дагуу амьдрах болно гэсэн агуулга бүхий захидлыг У.Хүрэлсүх ерөнхийлөгчид илгээсэн байх боломжтой гэсэн үг. Ийм утга бүхий захидлыг Ерөнхийлөгч хянаж үзээд түүнийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэх үндэслэлээр уучилсан. Энэ бол ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон эрх юм.
Уучлалыг цуцалж, уучилсан этгээдээ шоронд буцаах эрх зүйн боломжтой юу?
Үе үеийн Ерөнхийлөгч нар уучилсан хүнээ буцааж хорьсон түүх байхгүй юм байна. Ерөнхийлөгчийн хувьд гаргасан зарлигаа цуцалчихад л болох юм шиг. Гэвч Үндсэн хуулийн 34-р зүйлд зааснаар хэрэв Ерөнхийлөгч зарлиг цуцална гэвэл зөвхөн хууль зөрчсөн зарлигийг л цуцлах боломжтой. Үүнийг баримталбал, Н.Өнөрцэцэгийг уучилсан зарлиг хууль зөрчөөгүй байвал уучлалаа цуцалж, буцааж хорих боломжгүй гэсэн үг.
Нөгөө талд ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хэлэлцэж цуцлах боломжтой гэсэн өнцөг ч байж болно. Яг энэ нөхцөлд хуулийг яаж хэрэглэх нь маш сонин бас содон кэйс. Энэ удаагийнхыг яаж шийдсэнээр дараа дараагийн шийдвэрийн жишиг тогтоно.
Уг асуудалд бид хуульчдаас байр суурийг нь сонслоо.
Х.Тэмүүжин: Нэгэнт уучилсан бол буцаах боломжгүй
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өршөөл үзүүлэх нь УИХ-ын бүрэн эрх бөгөөд тодорхой хүнд зориулалгүй нийтлэгээр гэмт хэргийн үйлдэлд шүүхээс оногдуулсан ялыг багасгах бол уучлал нь Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрх бөгөөд тодорхой хувь хүнийг нэр заан шүүхээс түүнд оногдуулсан ялаас чөлөөлөх үйл ажиллагаа. Нэгэнт уучлал үзүүлсэн бол түүнийг буцаах хууль зүйн боломж үгүй. Хэрэв тэгвэл хууль зүйн олон суурь зарчимуудтай зөрчилдөх юм болно. Нэг хэрэгт ял давхардуулж оногдуулж болохгүй, Шүүх эрх мэдлийг шүүхээс өөр этгээд хэрэгжүүлж болохгүй. Эрүүгийн эрх зүй хүмүүнлэг байх гэх зэрэг олон зүйл дурдагдах байх.
Ш.Алтангадас: Уучлалыг цуцлах боломжтой, боломжгүй гэж ямар ч хуульд алга
Хуульч Ш.Алтангадас: Иргэд үзэл бодол, санал шүүмжээ төрийн байгууллага болон өндөр албан тушаалтанд илэрхийлэх боломжтой. Иргэн Г.Уянгаагийн хувьд гаргасан саналаа Ерөнхийлөгчид тавихдаа тэрхүү саналаа хэрхэн яаж ашиглах юм бэ гэдгийг бид мэдэхгүй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15.2-ыг өөрчилье, уучлал үзүүлэх хэсгийг дэлгэрүүлье гэдэг асуудал оруулахаар бол тэр тухайгаа илэрхийлэх байх. Бүр Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл бүр тусдаа процесс.
Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч дан ганцаар уучлал үзүүлэх эрхийг эдэлнэ. Уучлал зарлиг хэлбэртэй гардаг. Зарлигийг Ерөнхийлөгч хуульд нийцээгүй гэж үзвэл өөрөө эсвэл УИХ хүчингүй болгоно. Уучлал гэдэг бол агуулга, илрэх хэлбэр нь зарлиг гэсэн үг. Гол асуудал нь “тухайн зарлиг хуульд нийцээгүй бол” гэдэг нөхцөл. Энэ нөхцөл Эрүүгийн хуульд ч, Ерөнхийлөгчийн хуульд ч алга. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Тэгэхээр мөн хуульд заасан өршөөлтэй ижил нөхцлөөр хэрэглэж болохгүй. Энэ практикт тогтоогүй, цоо шинэ ойлголт болох гээд байна.
Т.Лхагважаргал: Нэгэнт үзүүлсэн уучлалаа буцааж болохгүй
Хуульч Т.Лхагважаргал: Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх бүрэн эрхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалт одоогоор байхгүй. Иймд Үндсэн хуулийн зарчим, хүний эрхэд тулгуурлан тайлбарлах нь зөв. Ингэхдээ нэгэнт уучилсан шийдвэрээсээ буцна гэж зүйл байх ёсгүй. Энэ бол төрийн байгууллага шийдвэртээ хариуцлагатай байх зарчим, үр дагаврыг нь мэдэж уучилсан.
Хэрэв уучлалаа цуцлаад, буцаагаад хориод байвал тэр хүнийг Ерөнхийлөгчийн утсан хүүхэлдэй болж амьдрах үүд хаалга нээнэ, эрхийн ноцтой зөрчил болно. Харин өмнө нь илрээгүй шинэ гэмт хэргийн шинжтэй асуудлыг эрүүгийн процессын дагуу шалгаж, шүүхээр өмнө нь эцэслэн тогтоогдоогүй асуудлыг хэлэлцэж болно.
Хуульчдын ярьж буйгаар, яг одоогийн хууль, эрх зүйн орчинд уг кэйсийг шийдвэрлэх нарийвчилсан заалт байхгүй байна.
1. Иргэн Г.Уянгаа уучлалаа цуцал гэж гарын үсэг цуглуулаад Ерөнхийлөгчид хандвал түүнийг шийдвэрлэх эрх зүйн орчин дутмаг. Хэрэв Ерөнхийлөгч тэдэн хүн зурсан учраас уучлалаа цуцаллаа гэвэл Үндсэн хуулийг зөрчил болох эрсдэлтэй. Ингээд сэтгүүлч Н.Өнөрцэцэг эргээд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Үндсэн хуулийг тайлбарлуулах нөхцөл үүснэ.
2. Иргэн Г.Уянгаа хэрэв Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан уучлал үзүүлнэ гэсэн заалтыг дэлгэрүүлж, эрх зүйн орчныг тодорхой болгосны үндсэн дээр уучлалыг цуцлуулъя гэж гарын үсэг цуглуулж болно. Ингэвэл хуульч Т.Лхагважаргалын ярьсан төрийн байгууллагын шийдвэртээ хариуцлагатай байх зарчим яригдана. У.Хүрэлсүх сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг утсан хүүхэлдэйгээ болгох гэж сулласан юм биш үү, үгэнд ороогүй болохоор нь хорьчихлоо гэх өнцөг гарна.
Тиймээс иргэн Г.Уянгаа яг ямар томьёоллоор иргэдийн гарын үсгийг цуглуулж эхлэх нь тодорхой болсны дараа асуудал цааш үргэлжилнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл үлдээх
Eniig l heleed baigaa sht uugan. Hudaldagdsan shitgvvlchid niilj neg talyg barimtalsan, hudal medeelel niigemd taraaj zahialagchdaa uilchildeg. UUCHLALAA BUTSAAH BOLOMJTOI, BUTSAAH CH BOLNO! Demjne
Zochin
Дэмжих үү?
1 0