Инфляц, инфляц, инфляц. Үүнийг бид бараг амьдралынхаа туршид сонсож ирсэн ч олон нийт тэр бүрчлэн ойлгодоггүй. Монгол иргэдийн санхүү, эдийн засгийн боловсролын түвшин олон улсын дунджаас доогуур, хангалтгүй түвшинд үнэлэгдсэн. 2023 онд Монголбанкны захиалгаар хийгдсэн судалгаагаар иргэдийн санхүүгийн боловсролын дундаж оноо 20 онооноос 9.9 буюу ердөө 49.5 хувьтай гарчээ. Гэхдээ дийлэнх иргэдийн амьдралд өнөөдөр эдийн засгийн хичээл үзээд төсөв, мөнгө ярьж суухаас илүү дараагийн сарын хоолны мөнгө, 2-3 аппликейшны зээл, байрны түрээс, болон банк бусын зээлээ төлөх нь илүү чухал байна. Зарим хэсэг нь дараа сарын байтугай маргаашийн хоолны мөнгөө арай ядан олж, зарим нь бүр хоолгүй хонож байгаа нь Монголын нийгэмд энгийн мэт үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.
Өнгөрсөн хавар буюу гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт манай сурвалжлах баг махны үнийн талаар сурвалжилга бэлтгэхэд 1кг үхрийн цул махны үнэ 28 мянган төгрөг байсан бол яг сарын дараа буюу дөрөвдүгээр сарын сүүлээр очиход 36,500 төгрөг буюу 8500 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. 2023 он гэхэд л 100 мянган төгрөгөөр 4кг үхрийн цул мах авдаг байсан бол өнөөдөр ердөө 3кг мах арай ядан авч байна. Зөвхөн хүнсний инфляц гэхэд 20 хувьтай гарсан нь хүн бүрд муу мэдээ бөгөөд энэ нь хэрэглэгчдийн өдөр тутамдаа мэдэрдэг үнийн өсөлтийн нэг жишээ юм.
Инфляц буюу үнийн өсөлт 2026 оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 12.9 хувь, Улаанбаатар хотод 11.9 хувь болж халаасыг тань сэгсэрсээр байна.
Төсөв, мөнгөний бодлого хоёр нэг зүгт харах нь
Инфляцыг зорилтот түвшинд барихад Төв банк болон Засгийн газар хоёр нэг зүгт харвал зүйтэй. Нэг талаас Монголбанк мөнгөний бодлогоор нөгөө талаас Засгийн газрын төсвийн бодлого хоёр нийлж инфляцыг зохистой түвшинд барих юм. Энэ оны есдүгээр сард Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөө УИХ-д өргөн барьсан билээ. Уг төсөлд үнийн тогтвортой байдлыг хангах болон банкны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд 2 бүлэг, 17 арга хэмжээ авахаар тусгажээ. Энэ удаагийн нийтлэлээрээ иргэд болон аж, ахуйн нэгжүүдийн халаасанд “гараа дүрж” буй инфляцын тогтвортой байдлыг хадгалах чиглэлийн бодлогод төвлөрч, Эдийн засагч Б.Лакшмийн байр суурийг хамтатган хүргэе. Инфляц нам, тогтвортой байснаар иргэн таны орлого хамгаалагдаж, худалдан авалтын чадвар тань хэвээр хадгалагдана гэсэн үг юм.
Монголбанк инфляцыг 5 хувьд тогтворжуулахыг зорьж байна
Мөнгөний бодлогын шийдвэрийн нөлөө тодорхой хугацааны дараа бодит эдийн засагт нөлөө үзүүлдэг тул Төв банк инфляцын зорилтыг богино бус дунд хугацааны зорилт болгон тодорхойлдог байна.
Өнөөдрийн 12.9 хувь хүрсэн инфляцад төрөөс зохицуулалттай мах, шатахууны үнэ голлон нөлөөлсөн бол Монголбанкны шууд хариуцдаг буюу мөнгөний бодлогоор нөлөөлөх боломжтой суурь инфляц 6.8 хувь байна. Инфляц өмнөх сараас өсөхөд шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж, инфляцад үзүүлэх нөлөө нь 2.1 нэгж хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ Монгол Улс дотооддоо үйлдвэрлэдэггүй, гадаадаас импортолдог бараа бүтээгдэхүүний үнэ инфляцад нөлөөлөлж буй. Тухайлбал, сахар, будаа, ургамлын тос зэрэг импортын хүнс, цахилгаан бараа болон электрон төхөөрөмжийн үнэ олон улсын зах зээлийн үнэ, тээвэр логистикийн зардал, валютын ханш зэрэг хүчин зүйлээс хамаарч байна.
Тайлант сард дизель түлшний үнэ сарын 11.8 хувиар, АИ-95 авто бензиний үнэ 13.8 хувиар нэмэгдсэн байгаа юм. Литр нь 3040 төгрөг байсан АИ-92 төрлийн шатахуун унтаад сэрэхэд 560 төгрөгөөр нэмэгдэж, 3600 төгрөг болжээ. Шатахууны үнэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шууд шингэдэг онцлогтой.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд инфляцын зорилтыг ердөө 5 жилд нь хангаж чаджээ. Бусад жилүүдэд инфляц хөөрөгдөж, иргэдийн худалдан авах чадвар суларсаар байна. Хөгжиж байгаа улсын хувьд инфляц 5-8 хувь хүртэл өсөх нь хамгийн зохистой гэж үздэг аж.

Эх сурвалж: Монголбанк
Монголбанкны гаргаж буй инфляцын зорилт нь хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд (2026-2030) таван хувь орчимд тогтворжуулах бодлого барьж байна. Ингэхдээ инфляцыг өдөөх эрсдэлт хүчин зүйлс болон гэнэтийг шокийг тодорхойлж, эдийн засагт үзүүлэх нөлөөг тооцсон эрсдэлийн шинжилгээг хийж, мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад харгалзан үзэхээр төлөвлөжээ.
Эдийн засагч Б.Лакшмитай ярилцах үед тэрээр одоогийн хэмжээнд хүрсэн инфляцын өсөлт нь эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалж буй бөгөөд түлхүү уул уурхайгаас хараат байдал болон валютын ханшийн зөрүү үүнд нөлөөлж байна гэв. Мөн хамгийн том шалтгаан нь төсвийн үрэлгэн байдал гэдгийг онцоллоо.
Эдийн засагч Б.Лакшми: Төсвийн хэт тэлэлт буюу үрэлгэн байдал олон жил үргэлжилсэн нь өнөөдөр инфляц энэ түвшинд хүрэхэд томоохон нөлөө үзүүлсэн. Мөн саяхан өргөн барьсан төсвийн тодотголд халамжийн бодлого давамгайлсан буюу төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тодорхой хэмжээний ахмадын тэтгэврийг нэмэх зэрэг шийдвэр нь цаашид инфляцыг улам хөөрөгдүүлэх эрсдэлтэй байна. Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлж, 12,5 хувьд хүргэхтэй зэрэгцээд Засгийн газар төсвөө хумих бодлого баримтлах ёстой байсан. Харамсалтай нь эсрэгээрээ хэт тэлсэн төсвийн бодлогоос гадна ихээхэн хэмжээний алдагдалтай төсөв оруулж ирсэн.
Монголын Банкны Холбооны мэдээллээр, төсвийн тодотголын нөлөөг тооцохгүйгээр оны эцэст инфляц 18 хувьд хүрэх тооцоо гарсан бол шатахууны нийлүүлэлт доголдох зэрэг сөрөг нөхцөлүүд давхацсан тохиолдолд 18.6 хувьд хүрэх эрсдэлтэй гэж үзжээ.
Эдийн засагчийн хэлж буйгаар энэ байдал биеллээ олбол Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж, ингэснээр аж, ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгө болон зээлийн олдоц буурч, өрхийн амьжиргааны түвшин дордож, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав.
Төсвийн сахилга бат нь макро эдийн засаг болон инфляцын тогтвортой байдалд хамгийн чухал үүрэгтэй байна. Гэвч өнгөрсөн 25 жилийн хугацаанд төсвийн зардал УИХ-ын сонгуулийн өмнөх жил дунджаар 28.1 хувь, сонгуулийн жил 27.1 хувь, харин сонгуулийн дараа жил ердөө 3 хувиар өсжээ.
Эдийн засагч Б.Лакшми: Засгийн газар өдийг хүртэл төсвийн мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлж ирсэн нь маш буруу. Төсөв ихэвчлэн мөчлөг сөрсөн бодлогоор явбал зохилтой.
Төв банкны хараат бус байдал яагаад чухал вэ?
Хараат бус байдлыг ярихын урьтад нэгэн жишээ дурдъя. Аргентин улс 2023 онд төсвийн алдагдлаа санхүүжүүлэхийн тулд Төв банкны шууд болон шууд бус санхүүжилтэд түшиглэж байв. Үүний зэрэгцээ гадаад валютын нөөц эрс буурч, бодит цалин олон жилийн доод түвшинд хүрсэн бөгөөд жилийн инфляц 211.4 хувьд хүрчээ. Олон улсын валютын сан (ОУВС) үүнийг төсвийн болон мөнгөний бодлогын тэнцвэргүй байдалтай холбон тайлбарласан байна.
Харин манай улсын хувьд ОУВС-ийн судалгаагаар Монголбанкны бие даасан, хараат бус байдлын үнэлгээ 69 хувь буюу сайжруулах шаардлагатай түвшинд үнэлэгджээ. Тэгвэл 2027 оны бодлогоор Монголбанк төсвийн шинжтэй аливаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглож, өнгөрсөн хугацаанд Төв банкны санхүүжилтээр олгож ирсэн ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж буйгаа мэдэгдсэн юм. Түүнчлэн Засгийн газрын кассын машин хийхгүй буюу мөнгө хэвлэхгүй гэдгээ зарлав. Мөн элдэв татаастай, нэн хөнгөлөлтэй зээлийн үр дүнг эргэн харж, хумих бодлого баримтлахаа ч онцлов.
Эдийн засагч Б.Лакшми: Өнгөрсөн жилүүдэд Монголбанк тодорхой түвшинд хараат бус үйл ажиллагаа явуулж ирсэн тохиолдол бий. Жишээ нь үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг тодорхой хөтөлбөрүүдийг төртэй хамтарч хэрэгжүүлж байсан. Төв банк нь мөнгөний нийлүүлэлтийг хариуцдаг томоохон институци тул төрөөс хараат бус байх нь чухал. Учир нь улс төрчид богино хугацаанд сонгуулийн мөчлөгтэй давхцуулан бодлогын хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгохыг оролддог. Энэ нь богино хугацаанд үр дүнтэй мэт харагддаг ч урт хугацаандаа эдийн засгийг хорлох үйлдэл юм.
Төв банк өөрийн эрхийн хүрээнд мөнгөний хатуу төлөвт аажмаар шилжиж байна. Дэлхийн Төв банкнууд ч мөн үүнд чиглэж байгаа бөгөөд 2026 он гарсаар нийт 54 Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлжээ.
Уул уурхайн экспортоос шууд хамааралтай манай улсад инфляцыг тогтвортой бууруулж, иргэдийн орлогын үнэ цэнийг хамгаалахад төсөв, мөнгөний бодлогын уялдаа нэн чухал юм. Иргэдийн орлогыг хамгаалах нь өнөөдрийг аргацаах төдий бус, харин хөдөлмөрлөж олсон орлогоороо маргааш ч хэрэгцээгээ хангах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Сэтгэгдэл үлдээх