Ардын намын тэмцэл, сэтгүүлчдийн айхтар хэрүүл дундуур Ардчилсан нам бүлгийн даргын асуудлаа нэг тийш нь болгож чадлаа. Чадлаа гэдэг нь аль хавраас хойш Б.Түвшин, Х.Тэмүүжин нарын хэн нь байх вэ гэдэг дээр тохиролцож чадахгүй л яваад байсан юм. Ашгүй нэг нийгэмд хэл, ам өндрийг авлаа гэсэн шиг л О.Цогтгэрэл гялс гулгуулж оруулаад Б.Түвшинд тамгаа атгуулчхав. Өмнөх нийтлэлдээ бичиж байсан даа. Нэр дэвшиж байгаа хоёр хүн аль талд, ямар хамааралтай гэдгийг.
Өмнөх нийтлэлийг унших: https://graph.mn/news/6269
Ардчилсан намын УИХ дахь гишүүдийг удирдах хүнээр тодорсон Б.Түвшин сонгогдсон өдрөөсөө л хэвлэлээр нүдүүлж эхэллээ. Олон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшдэг компаниуд нь дандаа улс төрд төлөөллөө оруулсаар ирсэн томоохон компаниуд. Мөн монголын залуусын дансыг хоосолж байгаа ОХУ-ын “1xbet” мөрийтэй тоглоомын компани руу хувьцаа эзэмшдэг компани нь гүйлгээ хийсэн гэх мэтчилэн. Мань эр үгүйсгэхээ үгүйсгэж, цэвэрлэхээ цэвэрлэсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд. 41 гишүүнээс 24 хүн түүнийг дэмжиж санал өгсөн бол 17 хүн Х.Тэмүүжинд өгсөн. Бүлгийн даргыг сонгохын өмнөх намын гишүүдийн өгч байсан ярилцлагаас харвал хоёр утга анхаарал татаж байв. Нэг хэсэг нь МАН-ын гар, хөл болж тэдний заасан замаар явдаггүй хүн хэрэгтэй гэж байсан бол нөгөө хэсэг нь дотоод ардчиллаа, эв нэгдэлтэй нь хамт авч үлдэх хүн хэрэгтэй гэж ярьж байлаа. Тэгэхлээр энэ хоёр хүний нэг нь МАН-ын хамааралтай болохыг сэтгүүлчид бид биш Ардчилсан намынхан өөрсдөө хэлээд байсан хэрэг. Тэр нь харин хэн байж болох вэ гэдгийг дээр линкийг нь тавьсан өмнөх нийтлэлийг уншсан бол Б.Түвшин байх магадлалтай гэж таамаглаж бичсэн байгаа. Хэрвээ таамаг үнэн бол Ардчилсан нам Б.Түвшинд биш Ерөнхийлөгчид бүлгийн даргын тамгаа алдсан гэсэн үг. Ерөнхийлөгч хамааралтай гэж таамаглаж байгаа нь ирэх хоёр жил дараалан явагдах хоёр сонгуультай холбоотой. Өрсөлдөх ганц сөрөг хүчнээ номхон байлгах л зорилго. Энэ талаар илүү дэлгэрэнгүй тусад нь бичье. Гэхдээ 24:17 гэдэг бол тийм ч хол зөрүү биш. Лоббид өртсөн эсвэл эрх, ашгийн хамааралтай учраас олонхоо дагасан гишүүд ч байгаа гэдгийг шинэ бүлгийн дарга санаж явах хэрэгтэй. Б.Түвшин гарч ирээд хамгийн түрүүнд “Би Ерөнхийлөгчтэй ямар нэгэн хамааралгүй” гэсэн үгийг сэтгүүлчдэд хэлсэн байна лээ. Мэдээж сэтгүүлч асуусан байх. Энэ хэлсэн үгийг нь цаашид хийх улс төр нь нотлох ёстой. Түүнээс биш би хулгайч биш гэж хэлээд өчнөөн хулгай хийчихсэн хүмүүс дүүрэн л явж байдаг. Нэг зүйл нэмж бичихэд Б.Түвшин анх удаа парламентад сонгогдсон ч санхүүгийн салбарт нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн том толгой гэж ярьдаг юм байна лээ шүү.
Тэмүүжин хэзээ ч Чингис болохгүй...
2014 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байх үед одоогийн намынх нь гишүүн тухайн үед сэтгүүлч байсан Л.Мөнхбаясгалан түүнд хандан “Тэмүүжээн чи хэзээ ч Чингис болохгүй ээ” гэж хэлж байв. Г.Сарангэрэл гэх эмэгтэй Х.Тэмүүжинтэй янаг, амрагийн холбоотой гэх асуудал дэгдээд байх үе л дээ. Г.Сарангэрэл “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсныхоо дараа “Л.Мөнхбаясгалан эгч намайг хүчээр унтсан гэж хэлүүлсэн” хэмээн мэдэгдэл хийж улсын хэмжээний шуугиан тарьж байлаа. Одоогийнх шиг сошиал хөгжсөн байсан бол ээ бүү үзэгд айхтар том сошиал галзуурал үүсэх байсан нь тодорхой. Тэр үеэс хойш мань эрийн замнал нэг л өөдлөөгүй. Харин Л.Мөнхбаясгалан нь өнөөдөр өөртэй нь мөр зэрэгцээд парламентад суудаг болчихсон. Бүр бүлгийн даргад Х.Тэмүүжинийг дэмжээд сүйд. Зоригтой, боловсролтой гээд яриад явж байв. Амьдрал хоржоонтой байгаа шүү. 12 жилийн өмнө хараал мэт үгийг чулуудаж байсан хүн өнөөдөр эзнийхээ эрх, ашгийг хангахын тулд нөгөө муу Чингис болж өгдөггүй Х.Тэмүүжинээ Чингис болгох гээд явж байх гэж. Уг нь Х.Тэмүүжин өнөөдрийн УИХ-д сууж байгаа гишүүд дундаа хуулийн нэвтэрхий толь гэж үнэлэгддэг туршлага, мэдлэг гээд бүх л зүйл нь бий. Даан ч үнэхээр л Чингис болж өгдөггүй дээ.
Женко юу, Ерөнхийлөгч үү...
Бүлгийн даргын асуудал хоёр ч удаа хойшлогдсон нь ерөөсөө л хэнийх нь талд тамгаа өгөх вэ гэдэг О.Цогтгэрэлийн сонголт байсан. Х.Тэмүүжинд өгчих юм бол эртнээс Ерөнхийлөгчтэй өстэй юм шиг аашилдаг байсан хүний эрх, мэдлийг нэмээд өгөх болчхоод байдаг. Б.Түвшинд өгчихвөл Ерөнхийлөгчийн талд ажилласан гэж намын залуус нь дургүйцэх гээд ацан шалаанд орчхоод байв. Эцсийн сонголт нь женкогийн талд өгч нам дотроо алалцаж байснаас С.Баярцогт тэргүүтэй ах намынхантай ойр хүмүүстэй өгчхөөд надад хамаагүй гээд сууж байхыг илүүд үзсэн бололтой. Энэ сонголт гэхдээ О.Цогтгэрэлийн цаашдын улс төрд халгаатай байх болов уу. Өсөж яваа залуу улс төрчдөө сонсохгүй өндөрт байгаа дүрийг шүтнэ гэдэг тусдаа нам удирдаж яваа хүний хувьд эрсдэлтэй. Хэдий бүлгийн болон намын шийдвэр олонхоор батлагддаг ч дутуу үнэлэгдсэн хүн, дутуу буудуулсан чоно хоёр тохиромжтой цаг нь ирэх үед дүүрэн хөдөлдөг. Бүлгийн даргын асуудал Ардчилсан намын дараа үеийн хагарлын эхлэл байж ч мэдэх юм. Яалт ч үгүй л юм боллоо доо гэж.
Сэтгэгдэл үлдээх