Төрийн ордонд болж буй боловсролын салбарын хэлэлцүүлгийн үеэр сургууль, цэцэрлэгийн 1092 захирал, эрхлэгчийг хамруулсан судалгааны дүнг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа.
Судалгаагаар сургуулийн хүчин чадал хүрэлцэхгүй, өргөтгөл шаардлагатай, мэргэжлийн багш дутагдалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анги танхим хангалтгүй зэрэг асуудал тулгамдаж байгааг дурдав. Багшийн хомсдолын гол шалтгааны нэг нь цалин хөлс байгааг мөн онцоллоо.
Тодруулбал, нийт ерөнхий боловсролын сургуулийн дөрөвний нэг нь хүчин чадлаасаа 1.5 дахин их ачаалалтай ажиллаж байгаа бол 31 сургууль гурван ээлжид шилжих эрсдэлтэй байна. Мөн 239 сургуульд спорт заал шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Боловсролын сайд Б.Энх-Амгалан 3000-аас дээш сурагчтай 38 сургууль байгааг хэлж, хот, хөдөөгийн сургуулиудын ачаалал ихээхэн ялгаатай байгааг дурдав. Тэрбээр хотхоны бага сургуулийн түрээсэнд зориулсан 19 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хассан шийдвэрийг эргэн харж, боловсролын салбараар улс төржихгүй байхыг хүслээ.
Хэлэлцүүлгийн үеэр төрөлт буурч байгаатай уялдуулан шинээр сургууль барьж, урсгал зардлыг нэмэгдүүлэхээс илүүтэй одоо үүссэн ачааллыг ойр орчмын сул байр, цэцэрлэгийн ашиглах боломжтой орон зайг түшиглэн бууруулах бодлогын талаар мэдээлэв. Үүний хүрээнд хотхон, хорооны дундах шаардлага хангасан байрыг түрээслэн бага сургууль ажиллуулах хувилбарыг онцолжээ.
Б.Номинчимэг боловсролын салбарын санхүүжилт нэмэгдэж байгаа ч зарцуулалтын үр өгөөж, хэрэгцээний эрэмбийг анхаарах шаардлагатайг хэлэв. Тэрбээр хүүхдийн хоолны хэрэгцээ хангагдаагүй байхад Chromebook төхөөрөмжид хөрөнгө зарцуулах нь хэр оновчтойг хөндөж, ирэх оны төсвийг бодит хэрэгцээнд тулгуурлан төлөвлөхийг санууллаа.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр сургуулийн ачаалал ирэх хоёр жилд оргилдоо хүрч, түүнээс хойш аажмаар буурах төлөвтэй байна. Энэ онд нийт 19 мянган суудал бүхий 46 сургууль ашиглалтад орж байгаа аж.
Тэрбээр шинэ сургууль барихаас гадна ашиглалтын шаардлага хангахаа больсон барилгуудыг шинэчлэх ажлыг зэрэг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Мөн хотхон, хороодын дунд түрээслэх боломжтой барилгыг ашиглан ачааллыг сааруулах, ахлах сургуулийг төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулах хэрэгцээ байгааг дурдлаа.
НБГ-ын дарга Б.Амартүвшин: 2020-2025 онд 133 цэцэрлэг, 52 сургууль ашиглалтад орсон. Нийт нь харвал 74 хувь нь цэцэрлэгийн барилга байгууламж байжээ. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болсон. 133 цэцэрлэг барихад 21 мянган хүүхдийн суудал нэмэгдсэн үүнд 334 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Нийтдээ 2020-2028 779 тэрбум төгрөгийг барилга байгууламж барьжээ.
Сургууль барих шаардлагуудыг урьдчилсан тооцоолол гарсан. Цаашид 131 сургууль баригдаж шаардлагатай байна. Үүний 84 нь нийслэлд барих аж. Яг хаана барих нь зөв тухай УИХ салбарын яам саналаа нэгтгэсэн. Газар чөлөөлөх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа аж. Гэхдээ ашиглалтад орох хугацаа хэдэн жил дамнана. 2027 оны төсөвт 53 төсөл хөтөлбөр тусгагдсан. 513 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэхээр тусгасан.
Төрийн ордонд болж буй боловсролын салбарын хэлэлцүүлгээр сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ашиглалтын шаардлага хангахгүй барилга, удааширсан бүтээн байгуулалт, хүртээмжгүй орчны асуудлыг хөндөж, ирэх оны төсөвт шаардлагатай санхүүжилтийг тусгахыг хүслээ.
45-р сургуулийн захирал Пүрэвцэрэн тус сургуулийн барилга 70 жилийн настай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаар мэдээлэв. Түүний хэлснээр холбогдох байгууллагуудын дүгнэлт, акт гарсан ч асуудал шийдэгдээгүй байна. Тэрбээр сургуульд суралцаж буй 1300 хүүхэд, 98 багш, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгааг онцолж, сургуулийн барилгын асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай 28 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгахыг хүсэв.
30-р сургуулийн захирал П.Өлзийтөгс сургуулийн хуучин байрыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийн дагуу буулгаснаас хойш сурагчид дөрвөн өөр байранд хуваагдан хичээллэж байсныг дурдлаа. Байрнууд хоорондоо хол тул зарим хүүхэд таван километр алхаж хүрдэг байсан бөгөөд энэ хүндрэл хоёр жил үргэлжилсэн байна. Харин шинэ барилгыг аравдугаар сард улсын комисс хүлээн авч, сурагчид шинэ сургуульдаа орсныг мэдээлэв.
165-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Энхтуул Хан-Уул дүүргийн Өлзийт хотхонд найман жилийн өмнө эхлүүлсэн цэцэрлэгийн барилга өнөөг хүртэл ашиглалтад ороогүйг хэллээ. Түүний мэдээлснээр барилгын хийц, бүтээцийн алдаа гарсан бөгөөд 1.8 тэрбум төгрөг зарцуулсан ч санхүүжилт дууссан гэх шалтгаанаар ажил зогсжээ. Тус цэцэрлэгт одоогоор 300 хүүхэд хамрагдаж байгаа ч гэр хэлбэрийн орчинд үйл ажиллагаа явуулдаг тул агаарын чанар, хүүхдийн хөдөлгөөн хийх орон зай хангалтгүй байгааг онцлов.
116-р сургуулийн менежер Ууганчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчин, хүртээмжийн асуудлыг хөндлөө. Түүний хэлснээр улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүүхэд хүлээн авдаг тус сургуулийн сурагчдын 70 хувь нь огт хараагүй байна.Гэвч орон нутгаас ирэх хүүхдүүдийг хүлээн авах дотуур байргүйгээс гадна сургуулийн барилга суулт өгч, цуурсан, ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Мөн лифтгүй учраас багш нар хүүхдүүдийг шатаар үүрч, дүүрч гаргадаг талаар мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх