УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийг нь өнгөрсөн сонгуулиар хууль бусаар мөнгө тараасан гэх асуудалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Э.Болормаа:
Намайг сонгуулийн үеэр хууль бусаар мөнгө тараасан гэх хэргээр шалгаж байгаа. Яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан. Хуулийн байгууллагад шалгуулаад явж байгаа. Мөрдөн байцаах явцад ямар ч саад учруулсан зүйл байхгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Халдашгүй эрх маань мөрдөн байцаалтад нөлөөлсөн зүйл огт байхгүй. Та бүхэн баруун бүсийн аль ч иргэнээс Э.Болормаа ямар байдлаар сонгуулийн сурталчилгаа явуулсныг асуугаарай.
Би 2024 оны сонгуульд Б.Түвшин, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж, З.Мэндсайхан, Б.Чойжилсүрэн зэрэг монголын топ баячуудтай өрсөлдсөн. Өнгөрсөн оны зургаадугаар сарын 3-ны өдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон байдаг. Харин маргааш нь намайг сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх ямар ч баримтгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг нээсэн. Та бүхэн санаж байгаа бол би тус сарын 13-нд 30 гишүүний гарын үсэг цуглуулан шинэ Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд үүндээ намынхаа дотоод ардчиллыг хангах, мөн жендерийн мэдрэмжтэй Засгийн газар бүрдүүлэхийг хүссэн. Харин сар хүрэхгүй хугацааны дараа нь намайг яллагдагчаар татсан. Түүнээс хойш удаа дараа УИХ-ын тухай хуулийг зөрчиж, хилийн хориг тавих зэрэг арга хэмжээ авсан. Би тухай бүрд нь гомдол гаргасан ч авч хэлэлцээгүй учир олон улсад гомдол гаргасан. Миний хувьд улс төрч ах нарынхаа хавханд унасан. Хэвлэлд нээлттэй хандивын данс тавьсан ба орж ирсэн бүх хандивыг шалгуулснаар ямар ч зөрчил илрээгүй.
Сэтгэгдэл үлдээх