“Санержи Солюшн” ХХК Монголоос анх удаа ОУ-ын Сэргээгдэх эрчим хүчний агентлагийн гишүүн боллоо

.Graph
2026-10-15

Санержи Солюшн ХХК нь Монгол Улсаас анх удаа сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой IRENA-ийн Үйл ажиллагааны (Coalition for Action) эвслийн гишүүн болсон мэдээг дуулгахад таатай байна.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) нь сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлага солилцох зорилготой дэлхийн засгийн газар хоорондын байгууллага юм. Тэр дундаа IRENA Coalition for Action нь олон улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын оролцогч талуудыг нэгтгэж, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлага солилцох, дэлхийн эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой хамгийн том платформ билээ.

Монголд үйл ажиллагаа явуулж буй өсөн дэвжиж буй компанийн хувьд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах, сэргээгдэх эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах бидний зорилгыг энэ үйл явдал улам бататгалаа.

Санержи Солюшн ХХК нь сэргээгдэх эрчим хүчний мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байгууллага юм. ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Шинэ сэргээгдэх эрчим хүчний тэнхимтэй хамтран Нарны зайн системийн онол, практик хосолсон богино хугацааны сургалтыг зохион байгуулдаг. 2026 онд нийт 7 ээлжийн 120 гаруй суралцагчдад нарны эрчим хүчний системийн анхан шатны мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн байна.

Сургалтад Баянхонгор, Замын-Үүд, Баян-Өлгий, Увс, Дорнод, Хөвсгөл, Говьсүмбэр, Булган, Өмнөговь, Завхан, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ зэрэг 10 гаруй аймаг, орон нутгаас зорин ирж суралцаж сэргээгдэх эрчим хүчний мэдлэг ойлголтыг орон нутагтаа түгээн дэлгэрүүлсээр байна.

Суралцагчид сургалтын хугацаанд нарны системийн үндсэн ойлголт, системийн тооцоолол, тоног төхөөрөмжийн ажиллагаа, аюулгүй ажиллагаа болон зах зээл дээр ашиглагдаж буй төрөл бүрийн технологи, тоног төхөөрөмжтэй танилцаж, харьцуулан судалдаг. Сургалтын онцлог нь зөвхөн онол, практик мэдлэг олгоход бус, бодит зах зээл дээрх бүтээгдэхүүн, технологийн ялгаа, давуу тал, хэрэглээний онцлогийг ойлгож, хэрэглэгч болон мэргэжилтний хувьд хамгийн зөв шийдвэр гаргах мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэдэг.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe