2027 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Ирэх оны төсвийг энэ оныхоос 10 гаруй их наядаар тэлж байгаа. Тэгвэл энэ тэлэлт хувийн хэвшлийнхний үйл ажиллагааны орон зайг хумьж, дарамт үзүүлэх эрсдэлтэй байна. Жишээлбэл, төр баахан цалин тэтгэвэр нэмнэ гэж хэлэхээс гадна, хүүхэд нь ханиад хүрвэл тав хоногийн цалинтай чөлөө хүртэл олгоно, янз бүрийн татаас дэмжлэг олгоно гэж байна. Хувийн хэвшлийн бүтээмж өсөөгүй байхад шууд цалин өсгөх хүлээлт бий болгосноо төрийн албаныхан тав хоног ажиллахгүй байж болно гээд байгаа нь нийгэмдээ, хөдөлмөрийн зах зээлдээ ямар дохио юм бэ, хувийнханд ямар дарамт үзүүлэх вэ. Энэ сэдвээр бид хууль тогтоогчдоос байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
Төсвөөс хувийн хэвшлийг дэмжинэ, татаастай зээл олгоно гэдэг. Үүнд бүх хувийн хэвшил хамрагдаж чадахгүй. Тодорхой нэг хэсэг нь хамрагдаж чадна. Энэ нь ЖДҮ эрхлэгчид хамгийн хүнд тусдаг. ЖДҮ хөнгөлөлттэй зээл авъя гэхээр жижигдээд байна гээд том компани оруулдаг. Тэгээд том компаниудаа дэмжээд яваад байдаг, нөгөө талдаа хамгийн их ажлын байр үүсгэдэг ЖДҮ хоцрогддог. Ингэснээр ажилгүйдэл, ядуурал гаардаг. Үүнийг зохистой түвшинд аваачхын тулд төсвийн зарлага нь ДНБ-ий 30 хувиас бага байх юм бол төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөггүй. Яг энэ хувийг 2-3 жил барьчих юм бол манай хувийн хэвшил өндийгөөд ирнэ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Эдийн засгийн нөхцөл байдал төсөв тэлж байгаа шиг гоё байхгүй байгааг тоонууд хэлж байна. ААН-үүдийн татварын өрийн хэмжээ эрс нэмэгдсэн. ААН-үүд ашигтай ажиллахаа болиод, эргэлтийн хөрөнгөө татварт өгөх мөнгөөрөө санхүүжүүлээд өдөр хоногоо аргацааж байна. Ирэх жил төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлнэ гэнэ. Энэ нь санхүүгийн салбарын хувийн хэвшлүүдэд дарамт үзүүлнэ. Жилдээ 6 их наядын зээл гардаг бол тэрний ихэнхийг нь ТӨК, улс, нийслэл, аймаг, орон нутгийн бондууд шинэ гаргаж байгаа зээлийн санхүүжилтийг авах дүр зураг гарч байна. Мөнгөний бодлого чангарч байгаа. Ингээд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ААН-үүд хүнээ цомхотгож эхэлнэ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
Төр цалингаа нэмэнгүүт хувийн хэвшил дээр дарамт ирнэ. Бид ч бас цалингаа нэмлүүлье гэж болно шүү дээ. Засгийн газар төсвөө тэлж хувийн хэвшлээ дэмжиж байна гээд байгаа юм. Төсөв тэлж хувийн хэвшлээ дэмждэггүй юм аа. Ирэх жилийн төсөв дээр алдагдал нэмэгдээд ороод ирж байгаа. Энэ жил нэг их наядын дотоодын үнэт цаас гаргана, ирэх жил 2 их наяд төгрөгийн дотоодын үнэт цаас гаргана гэж байгаа. Энэ бол хувийн хэвшлийн зээл авах, үнэт цаас гаргах мөнгөнөөс хумсалж буй хэрэг. Хувийн хэвшил эдийн засгийн ийм тодорхойгүй нөхцөлд ажиллаж байхад зээлийн хүртээмж багасна. Үүнийг Засгийн газар ойлгохыг хүсэхгүй байна.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа:
Хувийнханд маш их дарамт үзүүлнэ ээ. Хувийн хэвшлийн үйл ажиллагааны орон зайг хумина, хаана. Тиймээс миний өмнө хэлсэн төрийн албан хаагчийн цалинг нэмэхдээ нэг хувиар бүгдийг нь нэмэх биш яг тэр гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний чанар, хүртээмж, бүтээмжтэй нь холбож нэмэх хэрэгтэй. Гэтэл харанхуйгаар шууд цалин нэмнэ гээд явчих юм бол монголын төр цалин л өгдөг, тэтгэвэр л өгдөг төр болно. Өөр ямар ч бодлогын орон зай үлдэхгүй.
Сэтгэгдэл үлдээх