Дэлхийн банк 2026 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) хандивлагч орнуудын эгнээнд нэгдсэнийг зарлалаа.
УИХ дэлхийн хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлдэг IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлахаар улсын төсөвт тусган баталсны дараа Дэлхийн банк ийнхүү мэдэгдсэн байна.
Энэ бол Монгол Улсын сүүлийн 35 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгэн чухал үйл явдал юм.
Дэлхийн банкны мэдээллээр: Монгол Улс 1991 оноос хойш Дэлхийн банкнаас 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт авчээ. Энэхүү санхүүжилт нь зам тээвэр, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт чиглэж ирсэн.
2020 онд Монгол Улс IDA-ийн хөнгөлөлттэй санхүүжилт авах эрхтэй орнуудын ангиллаас гарсан. 2024 онд дундаас дээш орлоготой орнуудын ангилалд шилжсэн.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон жилийн турш олон улсын хөгжлийн санхүүжилт хүртэж ирсэн бол өдгөө бусад улс орны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж эхэлж байна. Энэ бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахиц дэвшлийг илэрхийлсэн чухал үйл явдал юм.
Эх сурвалж: Дэлхийн банк 2026.10.17
Сэтгэгдэл үлдээх