Хэцүүн байна дөө

Б.Энхтулга
2026-10-19

Сар гаруй хугацааны өмнө “Тэр ирж, тэр явна” гэх бичвэрийг Г.Занданшатар, С.Амарсайханы хоорондын улс төрийг харж байгаад бичиж байсан. С.Амарсайхан явсан ч Г.Занданшатар ирдэггүй ээ. Шатрын дэлхийн аварга, “Al Jazeera”-ийн баримтат кино гээд л яваад байв. Тэгсэн саяхнаас “Зандан бро” маань “Нэг Монгол” үндэсний хөдөлгөөн дээр үзэгдэх нь тэр. “Реформ” гэх нийгэм, улс төр дэх тогтолцоог өөрчлөх зорилготой залуусаас бүрдсэн клуб энэ хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгаа юм билээ. Гэхдээ дийлэнх нь л МАН-ын харьяалалтай, дагадаг хүмүүсээс бүрдсэн юм шиг харагдсан. Зөвлөлдөх Ардчиллын зарчмаар тэд өнөөгийн нийгмийг өөрчлөх гэж байгаа юм уу даа. Тэнд тойрог голлон зогсоод илтгэл тавьж явсан Г.Занданшатар өнөөдөр Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нарын таван хүнийг АТГ-т өгч шалгуулна гэдгээ өмгөөлөгчдөөрөө дамжуулан мэдэгдэв. Энэ таван хүн угаас өөр өөрсдийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Заримынх нь хэрэг боогдоход бэлэн болчихсон тухай ч мэдээлэл бий. С.Амарсайханы мэдэгдлийн дараа ард түмэнтэйгээ хамт тэмцэнэ барина гэхээр нь за одоо л их улс төрд гулгаад ороод ирэх нь үү дээ гэсэн таг болчихсон. Хэт их болгоомжлоод тэр үеийг өнгөрөөсөн гэж тооцъё. Улсын Ерөнхийлөгч болоход ойрхон байгаа хүн шүү дээ. Ялихгүй улс төр хийж байгаад ямаагаа гарзадчихвал итгэл хүлээлгэж байгаа ахад тун тусгүй л юм болох байх. Улс төрөөс холдоод хэсэг хугацаа өнгөрч байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг улс төр нь өөрөө түүнийг орхихгүй л дагаад байгаа. Хэрвээ Ерөнхийлөгчийн итгэлт хүн одоог болтол хэвээр байгаа бол тэр эргэн улс төрд ирж л таарна. Гэхдээ эргэн ирэх учраа нэг л олж өгөхгүй байгаа бололтой. Яг шууд дүрээд оръё гэхээр болж өгөхгүй. Алгуурхан үзэх гэхээр сарничих гээд яаж ч болохгүй “хэцүүн байна дөө” гэсэн шүү юм бодоод л суугаад байх шиг. Эсвэл түүний гарч ирэх анги арай болоогүй ч байж мэдэх. 

АТГ-ын үүд мэдээлэл хийдэг тайз болон хувирав...

Сүүлийн үед АТГ-ын үүдэнд хэвлэлтэй хамт очиж намнах гэж байгаа хүнээ шалгуулах хүсэлт өгдөг үйлдлийг тоолбол 100 дөхөх байх. Хуулийн дагуу хэний ч гаргасан хүсэлтийг хүлээж авах ёстой юм болохоор АТГ хүлээгээд л авдаг биз. Харин гараас гарч байгаа нь цөөхөн юм. Угаас хүсэлт өгсөн хүмүүсийн зорилго нь АТГ-ыг тайз болгож байгаад хэвлэлд ярих л байдаг. Үүнийг нь ч АТГ-ынхан андахгүй. Аль хичээл эхлэхээс өмнө л Ерөнхий сайд Н.Учрал өөрийгөө шалгуулах хүсэлтээ өгч, төсвийн номоо хүртэл бэлэглэчхээд гараад явсан. Одоо болтол ямар нэгэн хариу байхгүй. Нөгөө гадаад нөхөртэй хамт хэдэн хүүхэд шарж идсэн гэгдээд байгаа Ц.Элбэгдорж нь хүртэл шалгуулаад явж байсан даг. АТГ нэг мөр үүдэндээ улс төржигчдийн индэр нэртэй тайз засчихмаар юм. Иймэрхүү зүйл олон давтагдсаар олон нийт АТГ-т өгч байгаа бол тэр хүн гэмт хэрэг хийсэн гэж үздэг болох нь. Мань Г.Занданшатар ч юу гэж дутах вэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд, Г.Занданшатар нарыг Нүүрстэйн ам, Авдрант хайрхан гэх газруудыг хувьдаа авч ашиглах гэж байсан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан ярьсан. Үүнийг нь үгүйсгэж өмгөөлөгчдөө явуулан АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлгэж ШШГЕГ-ын харьяанд байсан тухайн ордуудыг улсад эргүүлэн авч ашиглах тухай яригдаж байсан зүйлийг мушгин гуйвуулсан. Тийм учраас нэр төрд халдсан этгээдүүдийг АТГ-т шалгуулна аа л гэнэ. Шалгаад үнэн, зөвийг нь тогтоогоод өөрсдийнхөөрөө ажиллачихдаг бол овоо хэдэн хүн шоронгийн хаалга дуугаргах байсан даа. Даан ч жил байтугай тойрсон хэргүүд улс төрийн зорилготой хадгалагдсаар л. 

Сануулга уу, шахалт уу...

Дээр дурдсан даа. Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг, С.Амарсайхан нар тус тусдаа хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа гэж. Э.Болормаагийн хэрэг боогдоод ерөнхийдөө дуусчихсан өнөө, маргаашаа хүлээгээд байж байгаа. Х.Булгантуяа, Д.Амарбаясгалан хоёрынх ч ялгаагүй боогдож байгаа биз. Хэзээ гарч ирэх нь л сонин. Улс төрчдийн аливаа мэдэгдэл санаандгүй байх учиргүй. Ямар нэгэн зүйлийн эхлэл эсвэл төгсгөл байх магадлалтай. Намрын чуулган эхлэхээс өмнө л хэд хэдэн хүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж байгаад шалгах юм яригдаж байсан. Гол нь яаж түдгэлзүүлэх учраа л олохгүй байгаа болохоос биш. Ерөнхийлөгч хууль хүртэл санаачилж үзсэн шүү дээ. Энэ удаагийн Г.Занданшатарын өмгөөлөгчдийн хийсэн мэдэгдэл 30-ийн талынханд сануулга өгөөд байна уу ямар нэг зүйл дээр шахалт үзүүлээд байна уу. Арай захаас нь ачиж эхлэх гээд байгаа юм биш биз дээ ч гэж бодох шиг. Арай хүнд хардлага ч байж мэдэх юм.  Г.Занданшатар нэг их нэр хүндээ хамгаалах гэж АТГ-т таван гишүүнийг нэр цохож өгөөгүй л байх. 

Э.Болормаа гишүүн түргэн авчихсан л явна лээ. Түүнийг сонгуулийн үеэр хууль бус санхүүжилт авсан гэдэг хэрэг дагадаг ч шалгаж байгаа хэрэг нь тэс өөр гэсэн. Сонгуулийн үеэр мөнгө тараасан гэж буруутгасан гэсэн байх шүү. Олон Улсын Парламентын холбоонд эрхийг нь зөрчөөд байгаа гэж хүсэлт ч гаргаж үзсэн. Хэрэг бишдэж магадгүй учраас боломжит бүхий л аргыг хэрэглэж байгаа байлгүй гэж бодов. Д.Амарбаясгалангийн хэрэг бүр жил тойрчхоод явж байна. Юунд зориулаад хадгалаад байгаа нь их сонин. Уяатай нохой уяаныхаа хэмжээнээс илүү гүйх гээд байхаар нь үе үе уяанаас нь татаж арай хол яваад байна шүү гэж сануулаад байдаг юм уу яадаг юм. 

Улс төрчдийн өмнөөс тархиа гашилгах гэж “хэцүүн байна дөө”

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe