Иргэдийнхээ эсрэг жагссан Б.Цэрэнг яах юм Ерөнхий сайд аа

Б.Энхтулга
2026-10-19

Улс төрчдийн сэтгүүл зүйд тарьсан үймээний хажуугаар бас нэг улс төрийн томилгоо хийгдэх нь ээ. Чингэлтэй болон СХД-ийн Засаг дарга Н.Мандуул, Ц.Баттөр нарыг ажлаас нь чөлөөлж байгаа юм байна. Мэдээж энэ томилгоо Нийслэлийн намын хороог Ерөнхий сайд, намын дарга Н.Учрал өөрийн талд давуу байдал үүсгэх алхам гэж бүгд л харна. Тэгж ч харагдахаар. Ялсан тал нь тугаа зоодог дайны дүрэм шиг л МАН-ын олонх тал цөөнхөө шахаж гарган тэдний байрлал дээр өөрсдийнхөө хүмүүсийг тавьж байгаа. Нэг талдаа дээрэнгүй хандаж байгаа гэж харагдах ч нөгөө талдаа бодлого сөрж зогсоод байх юм бол ирэх сонгуулиудад Н.Учралд биш намд халтай. Өнгөрсөн хавар Н.Учралын энэ халаа, томилгоо СБД, Хан-Уул, СХД гэсэн гурван дүүргээс эхлэх болов уу хэмээн таамаглан бичиж байсан.

https://graph.mn/news/5260

Гэхдээ энэ удаад Хан-Уул, СБД хоёрыг үлдээж Чингэлтэй, СХД-ээс эхэлж байгаа бололтой. СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр угаас Х.Нямбаатарын хаяаг манаж түүний хаялгаар өдий хүрсэн нэгэн. Орхон их сургуулиас багш шавийн барилдлагаар эхэлж байсан тэдний зам сонгинод дарга, цэргийн харилцаагаар үргэлжилж байсан. Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Н.Мандуул Л.Оюун-Эрдэнийг илүү хань татдаг байх. Сонгуулийн үеэр өмнөөс нь хэрүүл хийж Хөгжлийн банкийг цэгцэлсэн гэх дажгүй дүрээ Л.Оюун-Эрдэнийн хар “пи ар”-чин гэх онцгүй дүрээр сольж байлаа. Гаргасан золиосондоо өнөөгийн албан тушаалаа авч байсан. Түшиж, тулж явсан мөрийг нь харах юм бол энэ хоёр засаг улс төрийн цэвэрлэгээнд орж байгаа нь энэ.

Хуульд зааснаар дүүргийн Засаг дарга нарыг дээд шатны удирдлага буюу Нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлж болдог. Эсвэл өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн тохиолдолд. Бас нэг гаргалгаа нь ИТХ-аас огцруулах санал гаргаж олонх дэмжвэл гэж. Гэхдээ эцсийн бүлэгт Нийслэлийн Засаг дарга л томилж, чөлөөлнө. Тэгэхлээр Б.Пүрэвдагвад эрх нь бий гэсэн үг. Ухаад харах юм бол одоогийн улс төрд Б.Пүрэвдагва өөрийн дураар томилгоо хийх болоогүй. Ерөнхий сайд Н.Учралын даалгаснаар явж байгаа биз.

Тийм учраас Н.Учралын талд зогсох нөлөө бүхий нэгний дагуул чөлөөлөгдөх дарга нарын оронд очих нь тодорхой. Сонгуульд гар, хөлийг нь хөнгөн гаргах даалгавартай хүн. Иймэрхүү халаа явагдах үед сэлгээний хүн аль хэдий нь тодорчихсон байдаг. Зарим нэг хүний нэр дурдагдаад байгаа л харагдана лээ. За Н.Учралын чөлөөлөх эхний хүмүүс нь тэд юм байж. Гэхдээ дарга дагаж иргэд рүү давс цацдаг Б.Цэрэн гэх хүнийг яах болж байна. Төрийн албан хаагч, дүүрэг удирдаж яваа хүн туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг Х.Нямбаатартай хамт жагсаж явсан нь саяхан л санагдаад байх юм. Уг нь зүй ёсоороо дүүргийнхээ иргэдийн эрх, ашгийг нэгдүгээрт тавьж эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг нь хангах үүрэгтэй хүн л баймаар. Гэтэл мань хүн даргад л таалагдаж байвал дүүргийн иргэд хол хэвт гэдэг хандлагаа харуулчихсан. Ийм хүнд хариуцлага тооцолгүй өдий хүртэл суудал дээр нь үлдээнэ гэдэг Н.Учралд эрх, ашгийн хамаарал байна уу, эсвэл томилж, чөлөөлөх эрх нь байдаг Б.Пүрэвдагвад асуудал байна уу. Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнгийн гаргасан тэр үйлдэл хуулийн дагуу огцруулах шаардлагыг бүрэн хангасан байж болзошгүй. Иргэдийнхээ эсрэг хууль бус жагсаал зохион байгуулах, тайван жагсаалыг хүчээр дарах, эсэргүүцэх үйлдэл гаргавал хуулийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байдаг. Үүнийг нүдээ анин өнгөрөөж, асуудал гаргасан хүнээ тойруулан улс төрийн томилгоо хийгээд байгаа нь сэжиг төрүүлж л байна. Ард түмнийхээ эсрэг зогсдог аль ч шатны дарга амыг чинь тосдохгүй, гарыг чинь л бохирдуулах биз ээ.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe