Сэтгүүл зүйн салбарт өрнөж буй маргаан, сүүлийн үед болж буй үйл явдлуудтай холбогдуулан МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор Д.Идэржаргалтай ярилцлаа. Хаалтын гэрээ, шантаж, хамтын ажиллагааны гэрээ гэж чухам юу юм бэ. Аль нь буруу юм, аль нь зөв юм бэ гэдгийг тэрээр тайлбарлаж өглөө. Мөн ямар нөхцөлд тухайн сэтгүүлчийг худалдагдсан гэж үзэх юм бэ, сайтууд нэгэн багц болж ажиллаж болох уу гээд олон асуултад хариу өгсөн юм.
-Хатан туулаа аваръя хөдөлгөөний идэвхтэнүүдийг нийгмийн сүлжээнд янз бүрээр харлуулж, доромжилж байсан сэтгүүлчид үнэндээ дарга нараас мөнгө авсан байж болзошгүй байна гэдэг баримтыг иргэн Г.Уянгаа дэлгэлээ. Энэ салбарыг судалдаг хүний хувиас та эл үйл явдлыг яг юу гэж харж байна вэ. Энэ үйл явдал сэтгүүл зүйг доторх идээ бээрнээс нь салгах үйл явц уу, эсвэл сэтгүүл зүйн салбарыг нийтээр нь харлуулах үйл явц уу?
-Сэтгүүлчид олноороо худалдагдах, улс төрчдийн гар хөл болох, тэрнийхээ хүрээнд улс төрд нөлөөлсөн томоохон үйл явдал, жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүсийг нэг баг болж гутаан доромжлох. Ийм үзэгдэл байна гэдэг бол угаасаа байж боломгүй, муухай үйл явдал.
Ялангуяа, Хатан туулаа аваръя хөдөлгөөнийхний эсрэг тэгж ажиллана гэдэг бол сэтгүүлч мэргэжлийн ёс зүйн үүднээсээ байж боломгүй зүйл. Хатан туулаа аваръя хөдөлгөөнийг зохион байгуулалцсан иргэдийн нэг болох Г.Уянгаа сэтгүүлчид тэр үед дарга нараас мөнгө авсан, авлига хээл хахууль авсан, тэрнийхээ хүрээнд энэ зүйлийг хийсэн гэдэг хардлага баримтуудыг гаргаж ирлээ. Энэ бол манай салбарын хувьд нэр хүнд унасан, бүүм асуудал болж хувирч байна.
Яагаад гэвэл, иргэн Г.Уянгаагийн мэдээлэлд дурдагдсан сэтгүүлчид "та хэд ингэж болохгүй" гэж шүүмжилсэн сэтгүүлчдийг эргээд нийгэмд буруу харагдуулсан. Тэд өөрсдийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгүүл зүйн салбарт ажилладаггүй, сэтгүүлч биш хүн гаднаас нь хараад “Сэтгүүл зүй муухай юм байна, сэтгүүлчид бүгд идэж уудаг шантажчин хүмүүс юм байна” гэх ойлголтыг өгөхөөр харамсалтай үйл явдал боллоо. Иргэдийн монголын сэтгүүл зүйд итгэх итгэлийг муутгаж байна.
Нөгөө талаас энийг харахаар, сэтгүүлчид шударга бус зүйлийн дараа бие биенээ шүүмжлэх, үүний улмаас маргалдаж байгаа нь сайн зүйл. Яагаад гэвэл, тэр газар авсан байдаг юм уу, үл хөдлөх хөрөнгөтэй болсон байдаг юм уу энэ сэтгүүлчдийг зүгээр дуугүй өнгөрөөж болох байсан. Гэтэл сэтгүүлч ч гэсэн энэ бол хэрээс хэтэрсэн зүйл, ингэж болохгүй гэж шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Шударга ёсны төлөө салбар дотроо дуугарч байна шүү дээ.
Г.Уянгаагийн дэлгэж буй баримтыг, сүүлийн үед болж буй үйл явдлуудыг сэтгүүл зүйг нийтээр нь харлуулах үйл явц гэж бодохгүй байна. Олон нийтийн итгэл дундарч байгаа хэдий ч энэ үйл явдал сайн ч талтай, сул ч талтай. Харин цаашдаа яаж өрнөх нь чухал. Мэргэжлийн ёс зүйнхээ төлөө дуугарсан, шүүмжлүүлсэн сэтгүүлчид өөрийнхөө нэр төрийг авч гарч чадах юм бол цаашид ёс зүйн асуудал дээр зоригтой дуугарч чадна. Тийм үр дүн гарахгүй, эсрэгээрээ үр дүн гарч, нийгэмдээ буруу ойлгогдож, үзэн ядагдах юм бол дараагийн удаа чимээгүй өнгөрөх болно. Энэ үйл явдал цаашид яаж үргэлжлэх вэ гэдгийг харах хэрэгтэй. Ямар ч байсан сэтгүүлчид буруу зүйл хийсэн гэж бодож байгаа сэтгүүлчдээ шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь сайн хэрэг.
Энгийн ажлаа хийгээд явж байгаа сэтгүүлчид, олон нийт, иргэд энэ үйл явдлыг маш жигшиж байгаа
-Олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид төрөөс их хэмжээний мөнгө авдаг гэх ойлголт бий болоод байна. Тэгвэл олон нийтийн дунд яригдаад байгаа хаалтын гэрээ, хамтран ажиллах гэрээ, шантаж гэх мэт ойлголтуудыг тайлбарлаж өгч болох уу?
-Энгийн ажлаа хийгээд явж байгаа сэтгүүлчид, олон нийт, иргэд энэ үйл явдлыг маш жигшиж байгаа. Нийгэмд сэтгүүлчид бол төрөөс их хэмжээний мөнгө авдаг юм байна гэсэн ойлголт бий болчихлоо. Ер нь сэтгүүл зүй төрөөс мөнгө авах ёстой юм уу, үгүй юм уу. Төртэй хамтран ажиллаж болох юм уу, үгүй юм уу.
Сэтгүүл зүй гэдэг их өвөрмөц бизнес юм. Нэг талд эрх чөлөөг эдэлснийхээ төлөө олон нийтэд чухал ач холбогдолтой гэсэн мэдээллийг өдөр тутамдаа шүүж, нийгэмд болж байгаа олон мянган үйл явдлаас алийг нь бид сурвалжилж, олон нийтэд хүргэх вэ, алийг нь хүргэхгүй байх вэ гэх сонголтыг хийдэг. Цаг хугацаа, орон зай, хүн хүчний нөөцөөс болоод нийгэмд болж буй бүх үйл явдлыг хүргэх боломжгүй. Тэгэхээр алийг нь сурвалжлах вэ гэдэг редакцын шалгуур бий.
Гэтэл нөгөө талд төрийг аваад үзэхээр төр бас мэдээллээ олон нийтэд хүргэх эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Яагаад гэвэл, төр өөрийн гэсэн бодлого, зарчимтай, өөрийн гэсэн арга хэмжээ, зохицуулалтыг аваад явж байгаа. Энэ талаараа олон нийтэд сонордуулга мэдээлэл хүргэхээс гадна хийж байгаа зүйлээ мэдээлж байж олон нийт төрийг ойлгох, төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Гэтэл энэ үйл явдлыг төр зөвхөн өөрөө хийхээр олон хүнд хүрч чадахгүй бол олон нийтэд хамгийн их хүрдэг сэтгүүл зүйтэй хамтарч ажилладаг. Энэ бол дэлхийн бүх улс оронд байдаг зүйл. Заавал төр гэхгүй хувийн хэвшил, олон улсын корпораци, хувь хүн гээд мэдээллээ олон нийтэд хүргэе гэсэн хэн ч гэсэн болох юм. Төр хажуудаа хэвлэл мэдээллийн байгууллага шиг нүсэр алба байгуулаад 20-30 хүнтэй ажиллаад пропаганда хийгээд байна уу гэдэг нь эндээс тусдаа асуудал.
Төр сэтгүүл зүйтэй хамтарч болох уу, болно. Хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн гэсэн орлого олж байж цалингаа тавьж, редакц тогтвортой ажиллана. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллагыг бизнестэй, төртэй хамтарч ажиллалаа гэж буруутгаж болохгүй. Яагаад гэхээр хэвлэл мэдээллийн байгууллага хаанаас мөнгө олж хүмүүсээ цалинжуулах юм бэ. Тэд төр засаг, хувийн хэвшил, реклам зар сурталчилгаанаас орлогоо олж чадна. Төсөл, хөтөлбөрөөс бас орлого олж болно.
Мөн олон нийт нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагадаа мөнгө төлж болно. Гэтэл манай монголын хэвлэл мэдээллийн зах зээлийг аваад үзвэл, олон нийт сэтгүүл зүйн салбарт мөнгө төлдөггүй. Олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа учраас бусад газраас олоод мэдчих юм чинь гээд мөнгө төлдөггүй. Харин ялгаатай, үнэ цэн шингэсэн бүтээл байсан ч гэсэн бидний мэдээллийн зан зуршил бол үнэтэй мэдээлэл худалдаж авах хүсэл эрмэлзэлгүй. Боломж нь ч байхгүй байх шиг байна.
Бизнесээс орлого олъё гэхээр бизнесийн байгууллагууд дийлэнх зар сурталчилгаа, маркетингийнхаа зардлыг сошиал медиа руу гаргаж байгаа. Энэ бол дэлхий даяар болж буй үзэгдэл. Ингээд сэтгүүл зүйд төр л үлдэж байгаа юм. Гэхдээ энэ нь төртэйгөө гар бариад, учиргүй дуу хоолой нь болоод гар хөл нь болж ажиллана гэж хэлж байгаа юм биш. Ямар хэмжээнд ажиллах вэ гэдэг нь тусдаа асуудал юм.
Олон нийтийн дунд яригдаад байгаа “Энэ сэтгүүлч ч гэсэн төрөөс мөнгө авдаг шүү дээ” гэх буруутгал их явж байна. Би ганцаараа биш гээд. Ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж буруутгагдаж байгаа сэтгүүлчид “Уучлаарай, би буруу юм хийлээ” гэж хэлэхийн оронд “Эд нар ч гэсэн хамтран ажилладаг, энэ хар” гээд л явж байна. Энэ бол маш их ялгаатай ойлголт гэдгийг сэтгүүлчид өөрсдөө маш сайн мэдэж байгаа.
Хаалтын гэрээ, хамтран ажиллах гэрээ, шантаж гэх ойлголтууд бүгд өөр.
Хамтран ажиллах гэрээ гэдэг бол аль ч орны сэтгүүл зүйд байх ёстой эрүүл үзэгдэл. Энэ байж байж сэтгүүл зүй оршин тогтноно. Зөвхөн төртэй биш хувийн хэвшил, олон улсын корпораци гээд үргэлжилнэ. Хамтран ажиллах гэрээ гэдэг нь жишээлбэл, Хөдөө аж ахуйн яам махны асуудалтай холбоотой ийм төсөл хэрэгжүүлж байна. Үүнийг бид олон нийтэд хүргэмээр байна гэлээ гэж бодъё. Тэгвэл хоёр тал ярьж байгаад энэ төслийн талаар малчдаас ийм мэдээлэл авъя, бодлого тодорхойлогчдоос ийм мэдээлэл авъя, зохион байгуулсан экспо ч юм уу, арга хэмжээнээс ийм мэдээлэл бэлтгэе гээд хамтран ажиллана. Энэ гэрээ нь тодорхой хугацаатай, тодорхой бүтээлийн тоотой, тодорхой хөрөнгө мөнгөтэй ажил байдаг. Хамтран ажиллах гэрээ хийснийхээ төлөө “Та нарын талаар муулж бичихгүй, та нар надад дандаа мөнгө өгч бай” гэдэг зүйл огт байдаггүй. Аль аль тал нь зүйл заалт бүрийг нь нарийн хянаж хийдэг, бизнес гэрээ юм.
Хаалтын гэрээ гэдгийг би амьдралдаа харж үзээгүй. Миний бодож байгаагаар хаалтын гэрээ гэдэг бол сэтгүүлч нэг болж бүтэхгүй зүйлийн талаар бичээд эхлэнгүүт тэрийг нь эзэн холбогдогч, улс төрч ч юм уу холбогдоод энэ талаар битгий мэдээлэл гаргаач, тэдэн төгрөг өгье гэдэг асуудал байдаг байх.
Шантаж гэдэг нь сэтгүүлч тодорхой нэг мэдээллийг олж аваад, гаргахаасаа өмнө “Одоо надад мөнгө өгөхгүй бол, тэгэхгүй бол энийг цаашид дэлгэнэ” гэж барьцаанаад оруулахыг хэлнэ. Хаалтын гэрээ, хамтран ажиллах гэрээ, шантаж гурав бол маш ялгаатай ойлголт.
-Хамтран ажиллах гэрээ хийсэн гээд л худалдагдсан гэж ойлгох нь асар өрөөсгөл юм. Хамтран ажиллах гэрээ, хаалтын гэрээ, шантаж гэдэг ойлголтууд хоорондоо маш ялгаатай ойлголт гэдгийг мэдсээр байж, өөрийг нь шүүмжилсний төлөө хамтын ажиллагааных нь гэрээг дэлгээд улс төрийн гар хөл болсон мэт, хаалтын гэрээ, шантаж хийсэн мэт бичиж байгаа нь сэтгүүлчдийн нэр хүндийг өөртэйгөө хамт чирээд газар унагая, би үхвэл бусад нь үхье гэж салбартаа хортой зүйл хийж байна. Их л муухай зүйл. Тэр сэтгүүлчид энэ салбарт олон жил ажилласных энэ бол өөр ойлголт, хэн нь хэн бэ гэдгийг ний нуугүй хэлэхэд бүгд л мэдэж байгаа шүү дээ.
Сэтгүүлчийг худалдагдсан гэж хардах хоёр нөхцөл бий
-Хамтын ажиллагааны гэрээ хийлээ гээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдагдсан гэж ойлгох нь хэр оновчтой вэ. Жишээлбэл, ямар ямар шинж ажиглагдвал иргэд за энэ хэвлэл мэдээллийн байгууллага “худалдагдсан байна” гэж хардах үндэслэл болох вэ?
-Хамтын ажиллагааны гэрээ хийлээ гээд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг худалдагдсан гэж ойлгох нь гунигтай зүйл. Сэтгүүл зүйн салбарыг ойлгохгүй байна аа гэсэн үг. Харин хамтын ажиллагааны гэрээг хэдэн төгрөгийн дүнтэй, ямар стандартын дагуу хийгдэж байна гэдэг нь тусдаа асуудал. Манай оронд хэвлэл мэдээллийн байгууллага байгуулах маш амархан. ХХК байж болно, ТББ байж болно. Гэтэл зарим тохиолдолд редакц нь тогтвортой ажилладагүй, эгээтэй л амьд харагдаж байдаг, тэгсэн хэрнээ яамдуудаас 10-20 саяар гэрээ хийгээд яваад байдаг сайт байна. Энэ бол тусдаа асуудал. Гэтэл редакц нь том ч бай, жижиг ч бай тогтвортой ажиллаад иргэддээ үнэн бодитой шинэ мэдээ дуулгая гээд явж байгаа газрууд бол хамтын ажиллагааны гэрээ хийхээс өөр аргагүй. Энэ бол сэтгүүл зүйд байх ёстой үзэгдэл гэдгийг хэлмээр байна.
Ямар үед худалдагдсан байна гэж хардах вэ. Үүнийг захиалгаар бичихтэй холбон тайлбарлаж болох юм. Захиалгаар бичих гэдэг нь яаж илэрдэг вэ гэхээр
Нэгд, мөнгө өгсөн хүн, бүлгийг маш их магтах, илт дэмжих. Хоёрт, тухайн мөнгө өгсөн хүн, бүлгийг шүүмжилсэн хүмүүсийг асар их муулах, үзэн ядах. Энэ үзэгдэл харагдаж байвал тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тухайн мэдээг худалдагдсан гэж хардах үндэстэй.
Олон нийт үүнийг ялгаж салгаад сурчихвал нийгэмд хэрэгтэй. Манайд хэвлэл мэдээллийн боловсрол алга л даа. Хэрэв байсан бол, хэн Туулын хурдны замыг харлуулаад байна, хэн жагсагчдыг дэмжээд байна, хэн тухайн үйл явдлыг тэнцвэртэй мэдээлээд байна вэ гэдгийг ялгаж салгаад харчих байсан.
-Хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага нэгэн багц болж, нэг сэдвээр нэг өнцгөөр мэдээлэх жишиг олон улсад байдаг уу. Энэ ер нь зөв үзэгдэл үү. Хэрэв зөв бол яагаад, буруу бол яагаад?
-Олон улсад ийм жишиг бий. Энэ нь олон нийтийн тусын тулд байдаг. Манай улсад ийм санаачлагууд гарч байсан. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага нэг баг болоод нийгэмд цаанаасаа болж байгаа үйл явдлыг зохион байгуулалттай, хэн нэгний гар хөл болж, үнэнийг сурвалжлахгүйгээр захиалсан талынхаа талд орно гэдэг бол пиар, кампанит ажлын хэрэгсэл болж байна гэсэн үг. Энэ бол байж боломгүй зүйл. Энэ нөхцөлд сэтгүүлчийн ёс зүй ярих хэрэггүй болно. Яваандаа тэд барьцаанд орох, улс төрчид тэр л сэтгүүлчдийг тогтвортой дэмжих болно. Тэр сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар хийж чадахгүйд хүрнэ. Энэ бол засаж залруулж болохгүй зүйл биш. Цаашид тэгэхгүй байхад л болох асуудал юм.
-Эл үйл явдлуудаар далимдуулаад УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсвөөс хэвлэлтэй холбоотой бүх гэрээ, хэвлэлд очих бүх мөнгийг хасуулна гэж байна. Энэ нь нийгэмдээ ямар үр дагавар авчрах вэ?
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 2027 оны төсвөөс бүх хэвлэлийн төсвийг хасуулна гэж байна. Энэ бол туйлшрал. Мэдээж олон нийтэд шударга харагдах байх. Гэвч тэр өөрөө сэтгүүл зүйн салбарт олон жил ажилласан хүн учир ямар үр дагавар гарахыг хамгийн сайн мэдэж байгаа. Энэ ажлыг маш болгоомжтой, үндэслэлтэй хийх ёстой. Аль төсөл хөтөлбөрөөс, хэдэн хэвлэлийг хасна гэж үзэж байгаа юм. Редакцаас гардаг онцгой бүтээлийг нь ашиглах юм у, зөвхөн цагаан мэдээ түгээхийг хасах юм уу. Шууд хасаж болохгүй. Сэтгүүл зүй төрөөс тэтгэгдэж болохгүй ч, бүх төсвийг хасна гэдэг нь байж боломжгүй зүйл.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх