“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ

.Graph
2026-10-21

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцанд хамруулахдаа түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл болон газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөөд байна.

Орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтыг төр зохион байгуулахгүй бөгөөд арилжааны банкууд хараат бусаар гүйцэтгэнэ. Шалгаруулалтын үйл явцад холбогдох байгууллагууд хяналт тавих талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдээллээ.

100 мянган айлыг орон сууцаар хангах зорилт тавьжээ

Хөтөлбөрийн хүрээнд нийт 100 мянган айлыг орон сууцаар хангахаар төлөвлөсөн бөгөөд үүний 50 мянган айлын орон сууцыг газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдэд олгохоор тооцсон байна.

Улсын хэмжээнд нийт 411.8 мянган өрх орон сууцанд хамрагдаж чадаагүй байгаагаас 262.2 мянга нь Улаанбаатар хотод, 147 мянга орчим нь орон нутагт амьдарч байгаа юм. Иймд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн нөхцөл бүрдүүлэхэд хөтөлбөрийн гол зорилго чиглэж байгаа талаар салбарын сайд онцоллоо.

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд төрөөс 40 мянган орон сууц барих бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 82 мянган орон сууцыг ашиглалтад оруулахаар урьдчилан төлөвлөжээ.

Улсын төсвөөс 198 тэрбум төгрөг гаргаж, хувийн хэвшилтэй хамтран ипотекийн зээлийн 1.8 их наяд төгрөгийн шинэ эх үүсвэр бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны ипотекийн зээлээр дэмжихийн зэрэгцээ иргэдийн орлогод нийцсэн, уян хатан төлбөрийн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа хэмээн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан мэдэгдлээ.

Хөтөлбөрийн хүрээнд бүсчилсэн ипотекийн хүүгийн бодлогыг анх удаа хэрэгжүүлэхээр болжээ. Тиймээс Улаанбаатар хотын бүсчлэлийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож, тухайн бүсчлэлд үндэслэн орон сууцны зээлийн хүүгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Иргэдийг орон сууцанд хамруулахдаа дараах дөрвөн хэлбэрийг санал болгоно. Үүнд:

  • Түрээсийн орон сууц-сарын төлбөр төлөн орон сууцанд амьдрах;
  • Түрээслээд өмчлөх орон сууц-түрээсийн төлбөр дээр өмчлөх эрх бүрдүүлэх төлбөр нэмж төлөх;
  • Хамтын өмчлөлийн орон сууц-иргэн болон Төрийн орон сууцны корпораци хамтран өмчлөх;
  • Газар чөлөөлөлтийн орон сууц-газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах.

Орон сууцны төлбөрийн урьдчилсан тооцоолол

Салбарын сайдын мэдээлснээр орон сууцны төлбөрийн тооцооллыг 45 м.кв талбайтай орон сууцны жишгээр гаргажээ.

1.Түрээсийн орон сууц: “Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцсон байна.

2.Түрээслээд өмчлөх орон сууц: Энэ хувилбарт сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр өмчлөх эрх бүрдүүлэхэд зориулсан 720 мянган төгрөгийн төлбөрийг нэмж, нийт 1 сая 420 мянган төгрөг төлөхөөр тооцжээ. Өмчлөх нөхцөлийг 20 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна.

Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэд эхний таван жилийн хугацаанд сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр урьдчилгаа бүрдүүлэхэд зориулсан 860 мянган төгрөг нэмж төлөх бөгөөд сарын нийт төлбөр 1 сая 560 мянган төгрөг болохоор тооцоолжээ.

3.Хамтын өмчлөлийн орон сууц: Энэ хэлбэрээр орон сууцны 50 хувийг Төрийн орон сууцны корпораци (ТОСК) хамтран өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 26 сая төгрөгөөр тооцсон бөгөөд сарын ипотекийн төлбөр 550 мянга 500 төгрөг, түрээсийн төлбөр 350 мянган төгрөг байхаар урьдчилан тооцжээ. Ингэснээр сарын нийт төлбөр 900 мянга 500 төгрөг болно.

Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэдэд зориулан түрээсийн болон ипотекийн төлбөрийг хослуулах хувилбар танилцуулсан байна. Энэ нөхцөлд сарын 720 мянган төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх төлбөр дээр 550 мянга 500 төгрөгийн ипотекийн төлбөр нэмж, нийт 1 сая 270 мянга 500 төгрөг төлөхөөр тооцжээ.

2013-2025 онд нийт 9.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 132.6 мянган өрхөд олгосон байна. Харин зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн тоо 55 мянгад хүрчээ.

Ийнхүү “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрөөр дамжуулан орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн нөхцөл бүрдүүлэх, газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлж байгаа юм байна.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe