Улсын ажил хийхээс гадна улс төржихөө мартахгүй байгаа Н.Учрал өнөөдөр Засгийн газрын танхимаа ээлжит бусаар хуралдуулж “Оюу толгой”-н гурван их наядын ногдол ашгийг төсөв рүү оруулж бүтээн байгуулалтад зарцуулах хуулийн төслөө эргүүлэн татах шийдвэр гаргалаа. Гол шалтгаанаа И-Монголиад өгсөн иргэдийн саналыг харгалзан үзсэн гэж тайлбарлав. Санал асуулгад нь 95,621 хүн оролцож 55,173 иргэн Хуримтлалын сандаа хийе гэдэг санал ирүүлжээ. Монгол Улсын хүн амын 10 хувьд ч хүрэхгүй хүн санал асуулгад оролцож. Гэхдээ гол шалтгаан нь яг энэ байсан уу гэдэг бас эргэлзээтэй. Улс төрөө даахгүй гэдгээ мэдсэн үү эсвэл Риотой тохирсон тохироо нь зуураад эхэлсэн үү. Ямар ч байсан аваад ирлээ гэж онгирч явсан мань хүн төвөг зүгээр хуримтлалын санд нь хийе гэж шийдэв. Жаахан уцаартай л байгаа харагдана лээ. Ногдол ашиг байтугай Н үсэг ч байхгүй байхад манай Засгийн газар түүхэн гавьяа байгуулж олж ирсэн шүү гээд л ярьж явсан. Түүхэн гавьяа нь ч хаашаа юм. Гэхдээ олон жил яригдсан асуудлыг шийдэж, 10 жилийн дараа авах ёстой ногдол ашгийг одоо авахаар ярьж байгаа нь гавьяа мөн мөн. Уг нь эрчим хүчний асуудлаа шийдье гээд оруулаад ирсэн бол дэмжигдээд явж ч магадгүй байсан байх. Даан ч гуя дагуулаад баахан хүзүү бариад ороод ирсэн нь л буруудсан. Ногоон сургууль, дотуур байр хоёр нь гэхэд л бараг хагас их наяд төгрөг. Ийм юм харчихаар эсэргүүцэхээс яах вэ. За ямартай ч үүнээс хойш бид ногдол ашгийн мөнгөө яах вэ гэдэг хэрүүл хийхгүй болж байна. Харин одоо хэзээ, хэдэн төгрөгийн ногдол ашиг авах юм бэ гэдэг хэрүүл рүү шилжих нь дээ. Ер нь бол “Рио Тинто” Засгийн газарт ногдол ашиг өгнө гэж аман байдлаар л хэлснээс биш яг тэдийг, тэдэнд өгнө гээд албажуулаагүй л байгаа. Гурван их наяд гэж яригдаад байгаа дүн дээшилж, доошлох боломжтой гэсэн үг. Эсвэл бүр өгөхгүй ч байж болно.
Бид маргалдаж байх хойгуур ногдол ашиг өгөх гээд байгаа “Оюу толгой” өнгөрсөн найман сараас хойш экспорт нь 70 хувиар буурчээ. Хятадын хилийн хязгаарлалттай холбоотой юм байх. Засгийн газар ногдол ашгаас нэрээ татсан нь үүнтэй холбоотой ч байж мэднэ. Тэнд асуудал газар аваад эхлэхээр өөрсдөөсөө холдуулах "тактик" ч юм шиг. Нөгөөдүүл нь ногдол ашиг гэж галзуурч байхын оронд энэ асуудлаа шийдээч. Энэ хэвээр байвал ногдол ашиг өгч чадахгүй нь байна шүү гэж айлгасан байхыг үгүйсгэхгүй. Нийт жилийн экспорт 70 хувиар буураагүй ч хоёр сарын хугацаанд гэдэг бас л том дүн гарч ирнэ. Цаашдаа энэ хэвээр удвал юун гурван их наяд л болох байх. Ерөнхий сайд Н.Учрал яриад байгаа шигээ түүхэн гавьяа байгуулах гэж байгаад намдаа түүхэн гай тарих вий дээ. Ногдол ашиг авч чадахгүй дээ хүрвэл МАН жинхэнэ чөлөөт уналт хийх болно. Тогтож ядаж байгаа иргэдийн итгэл юу ч үгүй замхарна. Одоогоор гавьяа байгуулчхаад байна аа Ерөнхий сайд аа. Гэхдээ тодорхойгүй зүйлээ тодорхой болгоод хил, гаалийн асуудлаа шийдэхгүй бол юун ногдол ашиг болж магадгүй нь байна шүү.
Сэтгэгдэл үлдээх