Хэзээний л монголчууд хэлэлцэх сэдвээр дутагдаж байгаагүй дээ. Нэг сэдэв нийгэмд шүүлгэж арай дуусаагүй байтал дараагийн сэдэв шахаад л ороод ирдэг. Нэт талаараа улс төрчдийн нийгэмд оруулж байгаа буруу хөрөнгө оруулалт гэж хардаж болохоор. Тэдэн рүү анхаарал хандуулах завгүй байлгаж, засваргүй л хэрэлдүүлж байвал болох юм шиг. Гэхдээ мэдэхгүй л дээ. Бид угаас өөрсдөө тийм өөнтөгч, шогч хүмүүс байж бас мэдэх юм. Юм болгоныг улс төртэй холбох утгагүй байх. Сэдвээр дутдаггүй бид том, жижиг гэж ялгана аа бас. Өнөөгийн нийгэмд өрнөж байгаа сэдэв бол улс төр дамнаж сэтгүүлчид рүү орж ирсэн томоохон сэдэв. Хүний тархи угаас шударга ёсыг хүсэж байдаг учраас хулгай, луйвартай холбоотой сэдэв дээр өөрийн эрхгүй дурлаж, шүүмжилдэг гэдэг судалгаа байдаг. Ер нь бол хоёр тал болж хоорондоо тэмцээд байгаа сэтгүүлчдийн хамтран ажиллах гэрээ гэдэг нь хууль ёсны зүйл. Цаад төрийн байгууллага нь өөрсдийн хийсэн ажлаа олон нийтэд түгээхийг хүсэж хэвлэл, мэдээллийн байгууллагатай гэрээ байгуулсан. Үүнийг нь тодорхой хэмжээнд өөрсдийнхөө үнээр тохиролцож байгуулсан л гэрээ юм. Гэхдээ хамтран ажиллах гэрээ нэрээр хэн нэгний хар хадаас болох ёсгүй. Маргаад байгаа гол өнцөг нь л энэ. Сүүлдээ газар, машин, орон сууц руу ороод миний мэдэх хэмжээнээс халин одсон. Тийм учраас улс төрчдийн улс төрждөг гол тайз сошиалыг эзлээд байгаа сэтгүүлч, иргэн, сэтгүүлч гэсэн гурвалсан тэмцлийг энд хүрээд дуусгая. Гол сэдэв рүү гээ оръё.
Хальт таньдаг хүн хааяа нэг орой балгачихаараа “Hi untaach” гээд л ороод ирдэг дээ. Ялангуяа эмэгтэйчүүдэд ийм мессеж их ирдэг байх. Яг түүн шиг л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа хүмүүс үе үе л нэг судалгааны байгууллагаар түүнийг иргэд ийм хувьтай дэмжиж байна гэсэн судалгаа гэх үү захиалгат ажил гэх үү тийм явцын үр дүн нийтлүүлэх юм. Энэ арга хуучин ажилладаг байсан байж болно. Хоёр талаар. Олонд таниулж, хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх гэж. Эсвэл өөрөөс нь жаахан өндөр хувийн дэмжлэгтэй байгаа хүнээ албаар унагах гэж. Гэхдээ одоо энэ арга ажиллахаасаа нэгэнт өнгөрч ээ. Тэдний яг хэн нь хэдэн хувьтай байх нь хэнд ч хамаагүй болж. Улс төр сонирхож бичдэг мань мэт л хальт гүйлгэж харна уу гэхээс биш олон нийт жигшдэг болчихсон. Өмнөх бичвэрүүддээ дурдаж байсан даа. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө илэрхийлсэн хэдэн хүмүүс байна. Харин илэрхийлээгүй ч сонирхолтой бас хэдэн хүмүүс байна гэж.
Өмнөх бичвэр: https://graph.mn/news/6033
Нөгөө л нэг Г.Занданшатар, Л.Гантөмөр, Н.Алтанхуяг, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар. Ил далд өөрсдийнхөө хүрээнд сурталчилгаагаа хийгээд л байгаа харагдана лээ. “MEC” судалгааны байгууллагаас гаргасан судалгаанд мань хэдийн л нэр тууж явсан. Одоогоор хамгийн өндөр хувьтай явж байгаа нь Н.Алтанхуяг, Г.Занданшатар хоёр юм байна. Н.Алтанхуягийн хөлийг тушаад байгаа ганц зүйл нь Хөгжлийн банктай холбоотой хэрэг. Гурван шатны шүүхээр энэ хэргээсээ цагаадсан ч прокурорын гомдлоор эргүүлээд яллагдагчийн индэрт аваад ирсэн. Маргааш энэ хэргийнх нь шүүх хурал Улсын дээд шүүхэд явагдана. Харин Г.Занданшатар эргэн ирэхээ “Нэг Монгол” хөдөлгөөний ерөнхий авторын дүрээр харуулсан бол Ерөнхийлөгчийн талд одоо ч байгаа гэдгээ АТГ-д Д.Амарбаясгалан тэргүүтэй 30-ийн талаас таван гишүүнийг өгснөөр нотолсон. Сонирхолтой нь Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсийн нэрс дунд шинэ хүн орж иржээ. Шинэ хүн ч гэж зарласнаас бусдыг нь бид л нэрлээд байгаа болохоос биш сонирхолтой байгаа өчнөөн л хүмүүс байгаа байлгүй. Тэдний нэг нь Сангийн сайд асан Б.Жавхлан. Саяхан Н.Учралын Засгийн газар огцрох асуудал яригдахад дараагийн Ерөнхий сайдад нэр нь явж байсан хүн одоо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэгээр нэрлэгдэв. Тохиолдол биш байлгүй. Ямартай ч мань эр сайдын суудлаас буучхаад доошоо харж гудайлгүй дээшээ л харж яваа юм байна. Энэ жил 51 настай тэрээр ирэх оны сонгуулийн яг өмнөхөн 52 нас хүрч нэр дэвших шаардлагыг хангана. Сангийн сайдыг яаж хийдэг гэдгийг сайн талаараа ч, муу талаараа ч харуулж чадсан хүн. Би өмнөх бичвэрүүддээ Б.Пүрэвдоржийг Ерөнхийлөгчийн сонгуулиас хассаар ирсэн. Ерөнхийлөгчид дэвшихэд дутуу гэж голсондоо биш. “Gambit” ярилцлагын нэвтрүүлэгт орж байхдаа “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй” гээд өөрөө хэлчихсэн болохоор. Эр хүн хэлсэндээ гэдэг дээ. Улс төрчид өнөөдөр ярьсан зүйлээсээ маргааш буцах нь байтугай эрх, ашиг байвал секунтын дараа ч буцаж мэдэхээр хүмүүс л дээ. Гэхдээ олонд гүндүүгүй улс төрч гэдгээрээ танигдаж хөдөөгийн сонгогчдын хайрыг татсан хүн хэлсэн үгээсээ буцахгүй гэж л бодсон хэрэг. “Оюу толгой”-оос орж ирэх ногдол ашгийг ахмадуудад тараая гэсэн юм яриад л явж байгаа харагдана лээ. Хувь улс төрчийнхөө хувьд гадагшаа улс төрийг сайн хийдэг, яаж оноо авахаа мэддэг хүн. Нэр дэвшихээ илэрхийлсэн Л.Гантөмөр харин ногдол ашгийг иргэддээ өгөх ёстой гэсэн байр суурьтай байна лээ. Дэвших дээрээ тулбал улс даяар үнэлэгдэж байж Ерөнхийлөгч болох ёстой хүн юм чинь тэгж ярилгүй л яах вэ. Хүн болгонд таалагддаг ганц зүйл нь мөнгө юм чинь. С.Бямбацогт, Ж.Энхбаяр хоёр дээр юу ярих вэ. Буцахдаа л залдаггүй юм бол энэ ярианаас холуур өнгөрөх биз.
Хэдэн ч сарын өмнө билээ дээ. Н.Учралыг Ерөнхий сайд болоод удаагүй байх үед одоо цэвэрлэгээ явна гэж бичвэр бичиж байсан санаж байна. Хамгийн түрүүнд нийслэлээ авах ёстой. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн талдаа авна гэдэг хэцүү. Тийм учраас Хотын дарга Х.Нямбаатарыг мэрсээр унагана. Дараа нь нийслэлийн намаа авна гэж. Яг л тийм зүйл болсон. Х.Нямбаатар ахын хэд хоногийн өмнө бичлэгтээ дурдсан шиг “Graph”-ийн бичсэн зүйл төрийн шийдвэр болдог гэж ярьсан нь үүнийг хэлсэн байх. Хүн өөр дээр нь тулахаар бусдын зовлонг хамгийн их ойлгодог гэдэг шиг. Өөр дээр нь асуудал ирэхэд бидний бичвэр нөлөөлөөд байсан л гэж авч байна лээ. Ньюанс нь тэгж харагдаад санамсаргүй л бичсэн бичвэр. Одоо Н.Учралын тэр цэвэрлэгээ үргэлжилж Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой дүүргийн Засаг дарга нарыг явуулж эхэлж байх шиг байна. Үүний талаар ч гэсэн өнгөрсөн хавар бичиж байсан. Хамгийн эхлээд СХД тэгээд Хан-Уул гээд явах байх гэж. Хан-Уулаар зөрсөн ч бас л тэр таамаг биелээд эхэлж байна.
Өмнөх бичвэр: https://graph.mn/news/5260
Чингэлтэйн Н.Мандуулыг СХД-ийн Ц.Баттөртэй хамт Б.Пүрэвдагваар чөлөөлүүлж ээ. Н.Учралын талаас харах юм бол тэр нь ч зөв. Өөрийн хүмүүсээр хүрээлүүлж байж 2027 оны сонгуульд намдаа Ерөнхийлөгчийн сонгуулийг авч ирнэ. Тал тал тийшээ хараад суучихсан бүрэлдэхүүнтэй орох юм бол гай л болно гэдэг шиг юм болох байх. Сонгуулиас өмнө дахиад ч хэдэн Засаг дарга нарыг чөлөөлөх биз. Одоо түүнд Б.Пүрэвдагвад Нийслэлийн намын хороог нь авч өгөх ажил үлдсэн. Үүн дээр ерөнхийдөө тохироо хийгдсэн гэдэг ч яриа гарж байх шиг байна. Х.Нямбаатартай юм уу эсвэл тэдний хэн нэгэнтэй. Намын хорооны даргыг нь аваад зарим дүүргүүдэд Засаг даргаар дундын хувилбарын хүмүүсээ тавиад явъя гэсэн яриа юм уу даа. Гэхдээ баталгаатай мэдээлэл биш. Бидний нүдээр тэд хэзээ ч эвлэрэхгүй юм шиг харагдаж байгаа ч цаагуураа хийх ёстой тохироогоо хийж л байгаа. Сошиалд галзуурч байгаа үзэгдэл нь харин хувь улс төрчийн л хийдэг үйлдэл дээ. Хэзээ нэгэн цагт тэврэлдээд талбай дээр цагаан тагтаа хийсгээд зогсож байхыг үгүйсгэхгүй.
За за яасан ч олон хэрэггүй юм биччихэв дээ. Сонгууль болдгоороо болно. Хамгийн гол нь бид л эрүүлээр сэтгэж, элдэв ховонд өртөлгүй ухаан санаагаа тунгалаг байлгах хэрэгтэй шүү. Сайхан амраарай.
Сэтгэгдэл үлдээх