Теслагийн автомат жолоодлогыг Хятадад идэвхжүүлэх талаар хэлэлцлээ

Ц.Чимэдцэеэ
2024-04-29

Элон Маск Бээжинд айлчилж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цянтай уулзлаа. Энэ үеэр Тэслагийн автомат жолоодлогын горимыг Хятадад идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Тус горимыг идэвхжүүлж, алгоритмуудаа ажиллуулахын тулд шаардлагатай өгөгдлийг шилжүүлэхийг хүсжээ. Тесла Шанхай хотод Хятадын хэрэглэгчдийн мэдээллийг орон нутгийн хууль тогтоомжийн дагуу боловсруулах дата төвтэй аж.

БНХАУ бол Теслагийн хоёр дахь том зах зээл. Гуанжоу хотод төвтэй Xpeng зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчид машиндаа ижил төстэй өөрөө жолоодлогын функцийг нэвтрүүлж Теслатай өрсөлдөхийг оролдож байна.

Элон Маск Хятадын автомашин үйлдвэрлэгчдийг "дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай автомашины компаниуд" гэж тодорхойлсон.

Тесла дэлхий даяар цахилгаан автомашины эрэлт буурсантай холбоотой эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд автомашиныхаа үнийг бууруулжээ. Энэ оны эхний гурван сард автомашины борлуулалт 13 хувиар буурч, 17.3 тэрбум доллар болсон бол нийт борлуулалт нь 9 хувиар буурч, ашиг нь өнгөрсөн оны мөн үеийн 2,51 тэрбум доллартай харьцуулахад 1,13 тэрбум доллар болж огцом буурсан аж.

Одоогийн байдлаар 2024 онд түүний хувьцааны үнэ 32 хувиар унасан байна.

 

Эх сурвалж: BBC News

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe