Улс төрд л хуваагдал байдаг юм шиг ойлгож явсан бид үгүй дээ бүх зүйлд хоёр тал байдаг юм байна гэдгийг ойлгож авсан өдрүүд үргэлжилсээр. МАН-ын дотоод тэмцэл гадагшаа тэлж хүмүүсийн их ярьдаг, би харж байгаагүй долоон буудлын нөгөө должин эмээ ч андахааргүй болсон. Хоёр сонгуулийг угтах гэж байгаа эрх баригч намын хувьд уг нь байж болохгүй л үйл явц. Даан ч би дараагийн гол дүр гэж зүтгээд ер нэгнийгээ зөвшөөрөхгүй юм. Ид хуваагдлын үед хэсэг дунд нь бужигнаж явсан Г.Занданшатарыг улс төр эс хүсээд явуулсан ч эргээд л ирлээ. Түүний бойжуулж байгаа Реформ клубийн залуус Төрийн ордны ард талын тамганы хөшөөний нурангийн дэргэд таван намд шаардлага хүргүүлж байгаа нь энэ гэж мэдэгдэл хийв. Нөгөө талд бараг зэрэгцээд шахуу МАН-ын цагаан байранд МАН-ын Шударга дэмжигчид, гишүүдийн холбоо Н.Учралд шаардлага хүргүүлсэн. Энэ клуб, холбоо хоёр хоёул Г.Занданшатарыг дэмжиж ажилладаг. Цаашдаа ч ажиллах байх. Өөрсдөө ч илээр хэлнэ лээ. Нэг өдөр бараг нэг цагт хоёр талд шаардлага хүргүүлсэн утга нь ч гэсэн ерөнхийдөө төстэй. Нөгөө 30-ийн талынхан руу чиглэсэн нүүдэл мэт. Реформ клубийн залуус таван намыг намын жагсаалтын дүрмээ шинэчлэх шаардлагыг тавьж байгаа. Жагсаалтаар хэн орж ирэх гэж байгаа, жагсаалтаар сонгогдчихоод алдаа гаргавал тэр хүмүүст ямар хариуцлага, яаж тооцохоо тодорхой болгохыг шаардсан гээд ойлгоход болно. Харин нөгөө Шударга дэмжигчид, гишүүдийн холбооноос хүргүүлсэн шаардлага нь авлигын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцуулах, эрүүгийн хэрэгт холбогдсон ч УИХ-ын халдашгүй эрх гэж хуулиар хамгаалуулдаг байдлыг суллаж өгөхийг хүссэн шаардлага байлаа. Хэн ч харсан 30-ийн тал руу чиглэсэн байна гэж харахаар байгаа биз. Нэг талд залуучууд нь жагсаалтын гишүүдийг яриад, нөгөө талд авлигын гэмт хэрэгт орсон гишүүдийг яриад. Хортой тээ? Ядаж байхад саяхан Г.Занданшатар АТГ-т С.Амарсайхан, Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Х.Булгантуяа, П.Сайнзориг нарыг өгч бариад байсныг ч хэлэх үү.
Хос нүүдэл…
Шатарт хос нүүдэл гэж өрнөлийг өөрийн талд эргүүлэх тактик байдаг. Г.Занданшатар муу ч үгүй УИХ-ын шатрын аваргын хүрэл медальтан учраас хөлөг дээрх уран, нарийн аргуудаа улс төрд ашигладаг байлгүй. Хэрвээ Шударга дэмжигчид, гишүүдийн холбооноос тавьсан Авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байгаа УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулах шаардлагыг Н.Учрал хүлээж аваад хүссэнээр нь шийдэх юм бол шалгагдаж байгаа хүмүүс эхнээсээ шоронгийн хаалга татах байх. Гэхдээ эрх баригч нам л болохоос биш УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг УИХ-аар хэлэлцэнэ л дээ. Төсвөө ч батлуулж чадахгүй байгаа Н.Учрал УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг сулруулах хууль батлуулна ч гэж юу байх вэ. Тийм амар ч юм биш. Нөгөө талаас нь авч үзвэл Г.Занданшатар шахалт үзүүлэхгүй, үр дүн гарахгүй зүйл дээр ийм нүүдэл хийнэ гэж байхгүй байлгүй. Олон жил улс төрд явсан хүн сэтгэл хөөрлөөр хандахгүй биз. Х.Нямбаатарын яриагаар Ерөнхийлөгчийн сонгуулиа Б.Жавхланд булаалгачих гээд байгаа хүн ямар нэгэн байдлаар гялс эргэж ирье гэж бодсон юм болов уу. Тэгээд гарт ойрхон зүйлээрээ намын даргаа хатгаад байж ч мэдэх юм. Муу талаас нь бодвол ийм байж болох. Түүнээс намын дарга руу гаа ноцдог тэнэг толгой энэ үед Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёроос өөр хүн алга. Эсвэл намын дарга Н.Учрал нөгөө хэдийгээ айлгах гээд надад нэг авлига, албан тушаалын хэрэгт орсон гишүүддээ арга хэмжээ ав гээд шаардлага тавиулаадхаач гэсэн ч юм билүү. Тэгэхдээ халдашгүй байдлаараа далайлган даапаалаад байдаг явдлыг нь үгүй болгох гэж сэдсэн ч юм билүү. Ер нь бол гишүүдэд хариуцлага тооцдог болох гэж өнгөрсөн намраас эхлээд янз янзаар л үзээд байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ч нэг хууль зүтгүүлж үзсэн. Тэр хуулийн хэлэлцүүлэг нь түр хойшилсон байдалтай гэсэн ил тайлбартай ардуураа яриа нь явж л байгаа. Саналаа багцалчихвал оруулж ирэх гээд хүлээгдэж байж магад. Өнөөдрийн хоёр талд, хоёр шаардлага хүргүүлж байгаа энэ үйл явцад ямар нэгэн учир байна. Тэр учир нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёрын фракц руу чиглэсэн гэдэг нь ч тодорхой юм шиг. Сонгууль өдрөөс өдөрт ойртож байгаа үед улс төрчдийн гар, хөлийн үзүүрт зарагддаг хүмүүсийн галзуурал олширдог ч энэ удаагийнх галзуурал биш гарцаагүй л нэг учир байна.
Сэтгэгдэл үлдээх