Apple компанийн шинээр гаргасан IPhone Duo эвхэгддэг гар утас өнгөрсөн баасан гарагт худалдаанд гарсан билээ. Шинэ загварыг худалдан авах хүсэлтэй хэрэглэгчид худалдаанд гарахаас хоёр хоногийн өмнөөс зарим дэлгүүрийн гадна дараалал үүсгэж эхэлсэн бөгөөд Нью-Йорк хотын “World Trade Center” дахь Apple Store-ийн гадна худалдаанд гарсан өдрийн өглөөний 06:00 цагт ойролцоогоор 200 хүн хүлээж байсан талаар мэдээлж байсан юм.
Гэвч худалдаанд гарснаас хойш хэдхэн хоногийн дотор зарим хэрэглэгчийн iPhone Duo-ийн дотоод дэлгэц хагарсан тухай мэдээлэл цахим орчинд тархлаа.
Тухайлбал, Австралийн нэгэн хэрэглэгч Reddit платформд утсаа худалдан авснаас хойш зургаан цагийн дараа дэлгэц нь хагарсан талаар бичжээ. Тэрээр утсаа нээх үед нугасны орчимд дэлгэцийн доогуур ямар нэгэн зүйл хөдөлж буй мэт мэдрэмж төрж, улмаар хагарах чимээ сонсогдсон гэжээ. Тухайн хэрэглэгч тэр даруйдаа Apple Store руу очиход дэлгүүрийн зүгээс уучлалт гуйн утсыг нь сольж өгсөн талаар хуваалцжээ.
Bloomberg мэдээллийн агентлаг зургаагаас олон хэрэглэгчийн гэмтсэн төхөөрөмжийг баталгаажуулсан байна. Харин дэлгэцийн гэмтэл нийт хэдэн төхөөрөмжид илэрсэн, яг юунаас үүдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Даваа гарагт технологийн магнат Apple компани 9to5Mac, MacRumors-оор дамжуулан мэдэгдэл гаргаж, цөөн тооны iPhone Duo төхөөрөмжид асуудал гарсныг баталгаажуулан дэлгэцэд асуудал гарвал AppleCare-тай холбогдож, төхөөрөмжөө солиулахыг зөвлөжээ.
iPhone Duo нь Apple-ийн анхны эвхэгддэг гар утас бөгөөд нээгдэх үедээ 7.6 инч, эвхээстэй үедээ 5.4 инчийн дэлгэцтэй. Apple уг загварыг iPhone-ийн түүхэн дэх хамгийн том дэлгэцтэй утас гэж танилцуулсан бөгөөд том дэлгэц дээр хоёр аппликейшнийг зэрэг ашиглах зэрэг боломжтой юм.
Тус загварын эхлэх үнэ 1,999 ам.доллар. Энэ нь 1,299 ам.долларын эхлэх үнэтэй iPhone 18 Pro Max загвараас 700 ам.доллароор өндөр үнэтэй юм.
Сэтгэгдэл үлдээх