Л.Нинжжамц: Сэтгүүлч мэргэжлийн байх ёстой

.Graph
2026-10-30

Өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 1000 сэтгүүлчдийг цуглуулан салбарт тулгамдаад байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн эхэнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамцын хэлсэн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Л.Нинжжамц: Шуудхан хэлье. Мэдээлэл нийтлэхгүй байх, эсвэл нийтлэхийн тулд мөнгө, ашиг хонжоо нэхдэг, бусдыг олж авсан мэдээллээрээ сүрдүүлдэг, хэвлэл мэдээллийн нэрийг барьж дарамталдаг үйлдэл бол сэтгүүл зүй биш. 

Сүүлийн нэг сарын хугацаанд цахим орчинд сэтгүүлчид хэд хэдэн тал болон хуваагдаж, улс төрчид, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа мэт байр сууринаас бие биеэ дайрах явдал газар авч, гаарлаа.

Зөвхөн мэргэжлийн асуудлаар маргалдаад зогсохгүй, хань ижил, үр хүүхэд, гэр бүлийн асуудлыг нь хөндөн доромжилж, хувийн амьдралыг нь зэвсэг болгон ашиглаж байна.

Бид нэг нэгнийхээ үзэл бодол, мэдээ нийтлэлтэй санал нийлэхгүй байж болно. Баримтыг нь няцааж болно. Алдааг нь илчилж болно. Гэхдээ гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч, хувийн амьдралаар нь доромжилж, хүний нэр төрийг гутаах эрх хэнд ч байхгүй билээ.

Мэдээж бүх шүүмжлэлийг дайралт гэж үзэж болохгүй. Үндэслэлтэй шүүмжлэл байвал хүлээн авах, алдаа гаргасан бол залруулах, буруу мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх. Энэ бол сул дорой байдал биш, мэргэжлийн хариуцлага юм.

Сэтгүүлч мэргэжлийн соёлтой байх ёстой

Төрийн ордонд сурвалжилга хийхдээ зарим сэтгүүлч албан тушаалтны ам руу микрофоноо тулгах, араас нь хөөх, зохисгүй үг хэллэг хэрэглэх, биеийн хэлэмжээрээ дарамталж байгаа мэт авирлах явдал сүүлийн жилүүдэд газар авсан. Үүнийг бид зөвтгөх ёсгүй. Тулгасан асуулт тавих нь нэг хэрэг. Хүнийг бүдүүлгээр харьцаж, доромжлох нь өөр хэрэг юм.

Шаардлага тавих нь бүдүүлэг байхыг хэлэхгүй. Хариулт нэхэх нь сэтгүүлчийн үүрэг мөн боловч хүний нэр төрийг үл хүндэтгэх эрх бидэнд байхгүй билээ.

Сэтгүүлч асуултаа мэргэжлийн түвшинд тавих, албан тушаалтан асуултад үндэслэлтэй хариулах, хэрэв мэдээлэл өгөх боломжгүй бол хууль зүйн үндэслэлээ тайлбарлах. Энэ бол зарчим бөгөөд харилцан хүндэтгэл юм.

 Сэтгүүлч хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ..

Төрийн байгууллагын дэргэдэх, төсвийн хөрөнгөөр санхүүждэг контент үйлдвэрлэлийн компани, студи, хэвлэл мэдээллийн бүтэц, тэдгээрийн чиг үүрэг, зардал, үр ашгийг эргэн харах цаг болсон.

 Төсвийн мөнгийг юунд зарцуулж байна вэ? Үйл ажиллагааны үр дүнг хэн, хэрхэн үнэлдэг вэ? Төрийн санхүүжилттэй байгууллага хувийн хэвлэл мэдээллийн байгууллагатай шударга өрсөлдөж байна уу? Эдгээр асуултад ил тод хариулт өгөх цаг болсон.

Учир нь татвар төлөгчдийн мөнгөөр ажиллаж байгаа хэн бүхэн олон нийтийн өмнө тайлагнах үүрэгтэй билээ.

Үүнээс гадна олон зуун тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл, тендер, худалдан авалт, бүтээн байгуулалтад тавих сэтгүүлчдийн хяналт сулрах ёсгүй.

Өнөөдөр аль нам засаглаж байгаагаас үл хамааран төсвийн мөнгө бол ард түмний мөнгө. Өмнөх засгийн үед эхэлсэн төсөл маргааш нь хяналтаас гарах ёсгүй.

Бид гэрээ, төсөв, гүйцэтгэл, аудитын тайлан, тендерийн нөхцөл, бодит үр дүнг шалгаж, олон нийтэд ойлгомжтой хүргэх мэргэжлийн үүрэгтэй. Гэхдээ баримтгүйгээр хэнийг ч буруутгаж болохгүй зарчмаа бас умартаж болохгүй билээ.

Төрийн мөнгийг хэн захиран зарцуулж байгаагаас үл хамааран сэтгүүлчдийн хяналт үргэлжлэх ёстой. Энэ бол улс төрийн аль нэг талд үйлчилж байгаа хэрэг биш. Энэ бол иргэдийн өмнө хүлээсэн бидний үүрэг юм.

Гадаад, дотоодын улс төрийн ашиг сонирхол, зохион байгуулалттай нөлөөлөл, хар пиарын ажиллагаанд мэдсээр байж үйлчилж байгаа бол сэтгүүлч хүн өөрийн мэргэжлийн нэр хүндийг худалдаж байна гэсэн үг.

Санаатай худал мэдээлэл түгээх, баримтыг гуйвуулах, бусдыг хууль бусаар харлуулах нь ёс зүйн алдаа төдийгүй хууль зүйн үр дагавартайг мартаж болохгүй.

Бид баталгаагүй мэдээлэл тарааж, иргэдийг хооронд нь турхирч, нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлж болохгүй. Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнол, нийгмийн тогтвортой байдлын асуудлаар баримтад тулгуурласан, хариуцлагатай мэдээлэл хүргэх үүрэгтэй...

Үүний адил хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрээр худал мэдээлэл түгээх, нийгмийг турхирах, баталгаагүй мэдээллээр хүний нэр төрд халдахыг зөвтгөж болохгүй юм.

Ёс зүйгээ сайжруулж, редакцын хараат бус байдлаа хамгаалж, улс төрийн захиалгат хар пиараас ангид байж, төсвийн мөнгөнд хяналт тавьж, хүний эрх, олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах үндсэн үүргээ илүү хариуцлагатайгаар биелүүлэх цаг ирээд байна.

Төрд шаардлага тавихдаа бид өөрсдөө хариуцлагатай байя. Улс төрчдөөс ил тод байдлыг шаардахдаа өөрсдөө мэргэжлийн үүрэг, зарчмаа ягштал баримталъя. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe