Дарханы ДЦС-ны үйл ажиллагаа зогссон тул төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч байна

.Graph
2026-10-30

Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр оройн 21:00 цагт Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК-ийн ерөнхий хуваарилах байгууламжид гэмтэл гарсны улмаас үйл ажиллагаа бүрэн зогсож, хотын дулаан хангамжийн хэвийн горим алдагдсан талаар мэдээлсэн юм. 

Одоогоор станцын үйл ажиллагаа сэргэж, дулаан үйлдвэрлэл хэвийн горимд шилжих ажиллагаа явагдаж байгаа аж. ДДЦС ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Батжаргал уг гэмтлийг тоног төхөөрөмжийн насжилттай холбоотой гэж үзжээ. 

  • Уг станц анх 1965 оны 10 дугаар сарын 2-ны өдөр анхны галаа асаасан бөгөөд төдийгөөс өдийг хүртэл 61 жил тус хотыг эрчим хүч, дулаанаар тасралтгүй хангаж иржээ. 

Гэмтсэн тоноглолыг тусгаарлан төвийн бүсийн эрчим хүчний системээс хүчдэл авч, станцын үйл ажиллагааг сэргээсэн бөгөөд одоогоор 4 зуух 3 машин 30 МВт горимд хэвийн ажиллаж байгаа юм байна. Гэмтэлтэй холбоотойгоор Дарханы нэгдсэн эмнэлгийн тодруулахад эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Одоогоор ямар нэг хүндрэл үүсээгүй гэлээ. 

Дулаан хангамжийн систем бүрэн тогтворжих, горимыг үе шаттайгаар тохируулах, халаалтын даралт, температур аажмаар нэмэгдүүлэх зэрэгт тодорхой хугацаа шаардагдаж байгаа талаар ДДЦС ТӨХК-с мэдээллээ. 

Өнгөрсөн хавар буюу тавдугаар сард манай редакцын томилолтын баг Дарханы ДЦС-тай танилцсан юм. Тухайн үед станцын Ерөнхий инженер Б.Батжаргал тоног, төхөөрөмжийн элэгдлээс үүдэн өнөөдрийнх шиг асуудал үүсэх эрсдэлтэйг сануулсаар байсан бөгөөд станцын хүчин чадал 2028 он гэхэд бүрэн шавхагдаж, ажиллагаагүй болох талаар ярьсан юм. Тиймээс шинэ ДЦС барих ажлыг яаравчлуулахыг шаардлагатайг онцолж байлаа. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe