Өмнөд Солонгосын Mamamoo хамтлагийн ахлагч Ким Ён Сун буюу Solar “But I” дууныхаа дүрс бичлэгийг Монгол Улсад хийжээ. Solar өөрийн инстаграм хуудаснаа “Монголд юу хийв” гэсэн тайлбартай зургуудаа нийтэлсэн нь уг мэдээллийг батлаад буй.
But I дууны Teaser-т Монголын говь, тал нутаг дүрслэгдсэн ба Өмнөговь аймгийн Эрдэнэ зуу хийдийн “Алтан суварга” орсон хэмээн таамаглаж байгаа аж. Дууны дүрс бичлэг өнөөдөр монголын цагаар 17.00 цагаас цацагдана.
Уг дуу нь түүний хоёр дахь бие даасан “Colours” цомогт багтсан ба R&B, blues, folk, house зэрэг хөгжмийн төрлийн зургаан дуунаас бүрдсэн байна.
Solar цомгийнхоо зураг авалтад морь унаж, бүргэдтэй харьцаж сурсан тухайгаа дурдсан. Мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би олон төрлийн дуу дуулах чадвартай уран бүтээлч гэдгээрээ үнэлэгдэхийг хүсдэг” гэжээ.
Тэрбээр анхны бие даасан уран бүтээлээ "Spit It Out" нэртэйгээр 2020 онд гаргаж, одоогоор YouTube дээр 24 сая үзэлттэй байгаа.
Мөн MAMAMOO хамтлаг гурван жилийн өмнө гаргаж байсан “AYA” дууны клипээ Монгол гэрийн дотоод засалтай төстэй орчин бүрдүүлж, дорнын уур амьсгалыг илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх