Хүйтэн байна аа. Ялангуяа Монгол Улсад. Улс төр нь ч тэр, иргэдийн амьдрал нь ч тэр. Зодуулсаар байгаад зодуур даадаг болчихсон нохой шиг л монголчууд бид аливаа зүйлд дасан зохицохдоо дэндүү сайн юм. Шатахуун авах гээд дугаарлан зогсож байгаа хүмүүс байх л ёстой юм шиг дасчихлаа, үхрийн махаа 33 мянган төгрөгөөр авч идээд сурчихлаа, өглөө, оройдоо олддоггүй автобусанд чихэлдэж яваад хэвшчихлээ. Улс төрчид нь харин зуун саяар тоологддог байсан авлигын мөнгөө их наядаар халаасалдаг болоод гаршчихсан. Хулгай хийж, худлаа ярьсан ч хариуцлага хүлээдэггүй улам л томордог юм чинь гээд зуршил болчихсон. Төрийн ордон руу хэдэн том компаниуд нь мөнгөөр зодож төлөөнийхөө хүмүүсийг чихээд л. Тэнд очсон хэд нь тэрбумтан болж гарч ирээд л. Гадаа гудамд жинхэнэ тэмцэл дунд иргэд туйлдсаар. Ерөөсөө бүх зүйл ийм урвуу байх ёстой юм байна гэдгийг нэгэнт бид хүлээн зөвшөөрчихжээ. Яалт ч үгүй л дасан зохицох чадвар үнэхээр сайн үндэстэн юм. Өвөл болохоор цөхрөнгөө бардаг монгол яг хэвээрээ. Утаа, түгжрэл, юмны үнэ, улс төрийн тогтворгүй байдал, сөрөг хүчний үхээнц байдал, иргэдийн бухимдал. Тэвчээр сайтай ард түмэнтэйдээ Ерөнхий сайд Н.Учрал баярлах хэрэгтэй байх. Түүнээс дотроо бачимдаж яваа хүмүүс шүдээ зууж амьдраагүй бол өдийд төв талбай чинь хүний хөлд дарагдсан байх байлаа.
Үхээнц Ардчилсан нам…
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлийг би ч их шүүмжилж бичсэн дээ. Жаахан галтай байгаад сөрөг хүчнийхээ ажлыг хийгээд өгөөч. Эрх барьж байгаа намд чинь шүүрээд авбал өчнөөн сэдэв байна гээд л. Үг авдаггүй, орчиноо мэдэрдэггүй хүн юм. Мань хүн намыг компани гэж бодоод байдаг юм шиг. Энд тэнд түлхүүр атгасан хүмүүстэй тохироо, хэлэлцээ хийгээд л явдаг гэх. Ийм арчаагүй байвал ирэх хоёр сонгуульд Ардчилсан намын туг хаа сайгүй л шалаар хэвтэх байх даа. Эзэнд дарлуулж бүлгийн даргаа хүртэл өгсөн гэж нам дотор нь ярьдаг. Одоо тэгээд Ерөнхийлөгчийн сонгуулиа ч өгч байгаа юм уу даа. Ганц кандитат Н.Алтанхуяг нь хонгилд ганцаараа орилж суусаар. Уг нь ард түмний амьдрал хэцүү байна хүчтэй сөрөг хүчин байгаарай гээд 11 суудалтай лааз өшиглөх дээрээ тулчихсан байсан намыг 2024 онд 42 гишүүнтэй болгож өгсөн. Гэтэл өлбөгөр хэвээрээ бүр 42 гишүүн нь дотроо хоёр хуваагдчихсан. Ерөнхийлөгчийн бүлгийн хуралд суухгүй гээд хэсэг нь ирцээ бүрдүүлэхгүй хэсэг унжив. Өнөөдөр нэг юм бүрдээд хуралдаж байх шиг байсан. Үгүй ээ тэгээд бодохоор дотроо учраа олохгүй байгаа хүмүүс юун иргэдийн өмнөөс эрх баригчидтай тулах вэ л байгаа биз дээ. Шинэ бүлгийн дарга Б.Түвшин нь бүлгийн хурлынхаа араас хийсэн мэдэгдэлдээ бид МАН-ыг сайтар ажиглаж байна ч гэх шиг. Л.Оюун-Эрдэнэ юм уу хаашаа юм. Мань хүн саяхан тэгээд яриад явж байсан биз дээ. Би улс төрийг ажиглаж байна гээд. Ардчилсан намд бол улс төрийг ажиглаад байх ямар ч шаардлага байхгүй. Ашиг хонжоо хайгаагүй л бол шүү дээ. Харин ч яг энэ үед ард түмнийхээ дуу хоолой болоод ордонд бөмбөр, хэнгэрэг нүдээд сууж байх хүмүүс. Жинхэнэ лидер л дутагдаж байна даа Ардчилсан намд. Бизнес ухаанаар тохироо, хэлэлцээр хийдэг хүн биш.
Яаж амьдрах юм...
Өвөл болохоор гадаа хүйтэрдэг ээ. Одоо нэмээд иргэдийн амьдралд зуд нүүрлэж эхэлж байна. Дундаж давхарга дуусаж, хоногийнхоо хоолыг яаж аргацаах вэ гэдэг эгнээ рүү шилжиж эхэлсэн. Хүнээс дутахгүй амьдарна гэсэн нь оргилуун хүсэл унтарч хүн шиг амьдарчих юмсан даа гэдэг бодол давамгайлж эхлэв. Хэдхэн сарын өмнө гуанзнаас авч иддэг байсан 14 мянган төгрөгийн хоол өнөөдөр 21 мянга болтлоо өсөж гуанзны хоол тансаглал болж хувирав. Арван километр яваад 20 мянган төгрөг өгдөг байсан таксины үнэ 40 мянга төгрөг өгдөг болов. Зуутын дэвсгэрт байтугай 500 төгрөг ч худалдаанд харагдахаа болив. Эмнэлэгт үзүүлсэн ч, шатахуун авсан ч, машинаа унаад явсан ч, явган явсан ч хаа сайгүй түгжрэл, дараалал. Юу болж байна энэ чинь. Яаж амьдрах юм бэ?
Бичвэрийн зурганд реппер Н.Цэцэнбилэгийн "Зайлаад өг" дууг ашиглав.
Сэтгэгдэл үлдээх