Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ

.Graph
2026-11-03

Шүүх гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ гэр бүлийн нөхцөл байдал, хүүхдийн хэрэгцээ, сэтгэл зүйн онцлогийг мэргэжлийн түвшинд судалж, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах боломж бүрдлээ. Тодорхой хэлбэл, Монгол Улсад шинээр байгуулсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны нэхэмжлэлийг хүлээн авч эхлэв. 

УИХ-аас 2026 оны долдугаар сарын 3-ны өдөр анх удаа “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг баталсан бөгөөд уг хууль 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийг байгуулж, үйл ажиллагааг нь ийн  эхлүүлэв.  

Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь гэр бүл, хүүхэд, насанд хүрээгүй хүний хэрэг, маргааныг мэргэшсэн шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж буй шүүх эрх мэдлийн салбарын чухал шинэчлэл юм. Энэхүү шинэчлэлийн үндсэн зорилго нь хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргааныг мэргэшсэн түвшинд, хүн төвтэй хандлагаар шийдвэрлэх аж.  

Шинэ шүүхийн бүтцэд Хүүхэд, гэр бүлийн хэлтсийг байгуулж, хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, эвлэрүүлэн зуучлагч, түүний туслах, сэтгэл зүйч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байна. 

Түүнчлэн эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг шүүхийн үйл ажиллагаатай уялдуулж, гэр бүлийн маргааныг талуудын харилцан ойлголцол, зөвшилцөлд тулгуурлан шийдвэрлэх, хүүхдийг эцэг, эхийн маргааны сөрөг үр дагавраас хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх Сонгинохайрхан дүүрэг, “Драгон” төвийн ард байрлаж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe