Энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

.Graph
2026-11-03

“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг өнөөдөр эхэллээ. Маргааш ч үргэлжлэх эл форумд Монгол Улсын өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах, цэвэр, аюулгүй, өртөг багатай халаалтын шийдэлд шилжих бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал солилцож байгаа юм. Форумд эрүүл мэнд, байгаль орчин, эрчим хүч, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарын төлөөлөл, төрийн болон орон нутгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, олон улсын хөгжлийн түншүүд оролцож буй. 

Үндэсний форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улсад айл өрхийн түвшинд цэвэр түлшинд шилжих үйл явцыг эрчимжүүлэх уриалга дэвшүүлж, оролцогч талууд хамтын зорилго, үүрэг амлалтаа бататгалаа. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өрхийн нүүрсний хэрэглээг бууруулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, дэд бүтцийн хүртээмжид суурилсан хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. 

Нийслэлийн агаарын бохирдлын 51 орчим хувийг 161 мянга гаруй өрхийн нүүрсний хэрэглээ бүрдүүлж байна. Иймд эхний ээлжид эдгээр өрхийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна. Энэ өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөж байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Нийслэлийн агаарын бохирдлын 33 орчим хувийг автомашины утаа эзэлдэг. Иймд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 80 ногоон өртөө байгуулахаар ажиллаж байна. Сэлбэ, Баянхошуу, Шархад зэрэг дэд төвд инженерийн дэд бүтцийг бүрдүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барьж байна. Нийслэлийн 26 байршил, 83 хэсэгчилсэн талбайд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүхий цогц орчныг бий болгох юм. Ингэснээр 2026-2030 онд 17 мянга гаруй айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe