Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүхэд дуудагдсан ТАВАН хэрэг

.Graph
2024-05-01

Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг дараах таван зүйл ангиар яллаж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

1.Төрийн нууцыг хууль бусаар олж авах

Түүнийг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан гэж үзжээ. 

Энэ үйлдэл нь эх орноосоо урвах гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм байна. 

2.Мөнгө угаах

Түүнийг гэмт хэрэг хийж олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч эзэмшсэн, ашигласан, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэж үзжээ. 

Уг зүйл анги нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг юм байна. 

3.Татвар төлөхөөс зайлсхийх

Түүнийг татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзжээ. 

Энэхүү зүйл ангид дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

4.Худал мэдээлэл тараах

Түүнийг 6 хүний нэр төр, алдар хүнд болон шүүх байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзжээ. 

Уг зүйл ангид дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

5.Хувь хүний нууцыг задруулах

Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулахдаа цахим сүлжээ ашигласан гэж үзжээ. 

Уг зүйл ангид нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe