Төв банкны үнэт цаасанд байршуулсан банкуудын хөрөнгө 24 дахин өсөж, 13.9 их наяд төгрөгт хүрчээ

.Graph
2026-11-03

Монголын банкны системийн төв банкны үнэт цаасанд байршуулсан хөрөнгийн хэмжээ 2016 онд 577 тэрбум төгрөг байсан бол 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 13.9 их наяд төгрөгт хүрч, сүүлийн 10 жилд 24 дахин өсжээ. Монголын активын удирдлагын холбоо (MASD)-ноос танилцуулсан мэдээллээр 2016 онд төв банкны үнэт цаас нийт активын 2.3 хувийг эзэлж байсан бол өдгөө 15.8 хувь болж, 13.5 нэгж хувиар нэмэгдсэн байна.

2026 оны хоёрдугаар улирлын байдлаарх банкны системийн активын бүтэц:

  1.  Нийт зээл – 48.449 их наяд төгрөг (54.86%)
  2. Төв банкны үнэт цаас – 13.950 их наяд төгрөг (15.80%)
  3.  Банкны нөөц – 11.875 их наяд төгрөг (13.45%)
  4.  Бусад актив – 4.720 их наяд төгрөг (5.35%)
  5.  Засгийн газрын үнэт цаас, авлага – 4.132 их наяд төгрөг (4.68%)
  6.  Бусад үнэт цаас – 3.165 их наяд төгрөг (3.58%) Банкны системийн нийт актив 2016 онд 25.3 их наяд төгрөг байсан бол 2026 онд 88.3 их наяд төгрөгт хүрч, 3.5 дахин өссөн байна.

Өнгөрсөн хугацаанд төв банкны үнэт цаасанд байршуулсан хөрөнгө 24 дахин нэмэгдсэн нь нийт активын өсөлтөөс хавьгүй өндөр үзүүлэлт юм. Төв банкны үнэт цаас нь Монголбанкнаас мөнгөний бодлогын хүрээнд гаргадаг санхүүгийн хэрэгсэл бөгөөд арилжааны банкууд илүүдэл хөрөнгөө тодорхой хугацаанд байршуулж, хүүгийн орлого олох боломжтой. Ийнхүү банкны системийн нийт активын 15.8 хувь нь төв банкны үнэт цаасанд байршиж байгаа нь банкуудын хөрөнгийн удирдлага, зээлийн нийлүүлэлт болон мөнгөний бодлогын үр нөлөөтэй холбоотой анхаарал татах үзүүлэлт болж байна.

Төв банкны үнэт цаас (ТБҮЦ) гэдэг нь Монголбанкнаас зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах зорилгоор гаргадаг, арилжааны банкууд хөрөнгөө байршуулж хүүгийн орлого олдог богино хугацаат санхүүгийн хэрэгсэл юм. Энгийнээр тайлбарлавал арилжааны банкуудад иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох болон бусад төлбөр тооцоонд ашиглах хөрөнгөөс гадна илүүдэл мөнгө байж болно. Тэр мөнгөө Монголбанкны үнэт цаасанд байршуулснаар тодорхой хугацааны дараа үндсэн мөнгөө буцаан авч, хүүгийн орлого олдог хэрэгсэл юм. Төв банкны үнэт цаас нэмэгдэхэд зах зээлд гарах зээлийн хэмжээ буурч байдаг юм.

Эх сурвалж: MASD, Банкны системийн активын бүтэц 1996–2026

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe