“Оюутолгой” ХК баяжмалаа экспортлоход хүндрэл учирсан. Хятадын Ганцмод боомтод засвар үйлчилгээ хийж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх асуудал үүссэн аж. “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх энэ талаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “Энгийн үедээ “Оюутолгой” ХК өдөрт 12-13 цуваа хил гаалиар гаргадаг. Яг одоо тухайн цуваа 4-өөр хязгаарлагдсан. Тэгэхээр бид борлуулалтынхаа дөрөвний нэг хувийг авч байна гэсэн үг. Энэ асуудал аравдугаар сарын 15-наас эхэлсэн. Үүнийг шийдэхээр холбогдох байгууллагуудтай уулзсан. Хятадын талын Ганцмод боомт буюу хил гаалийн шалган дээр засвар үйлчилгээний ажил явж байгаа гэсэн албан тайлбар ирсэн. Төлөвлөгөөт цаг хугацаагаар арванхоёрдугаар сарын сүүлээр ашиглалтад орох юм билээ. Энэ нь “Оюутолгой”-д нэлээд хүндрэл бэрхшээл авчирч байна. Нийт олох орлогынхоо дөрөвний нэгийг олно гэдэг бол мөнгөн урсгал алдахаас эхлээд маш их хүндрэлүүдийг дагуулна. Үүнийг шийдэхээр аль болох олон талт яриа хөөрөө хийж, ажиллаж байна. Дан ганц нэг компанийн биш улс орны эдийн засаг асуудал учраас холбогдож бүх сайд даргатай нартай уулзсан.
-Ирэх онд Засгийн газар “Оюутолгой”-гоос ногдол ашиг гурван их наядыг авах урьдчилсан мэдээлэл бий. Магадгүй эл гацаа удаан хугацаанд үргэлжлэх юм бол ногдол ашгийн хувь хэмжээнд өөрчлөлт орох уу?
-Мэдээж борлуулалт хийж чадахгүй юм чинь ямар ногдол ашиг байх вэ. Компанийн санхүү, үйл ажиллагаанаас гадна татвар амнат, орлог мөнгөн урсгал зэрэгт нөлөөлнө. Тиймээс уг асуудлыг маш хурдан хугацаанд шийдэгдэх ёстой. Үгүй бол цаашдаа бүх юманд нөлөөлнө. Орлогоо алдаад эхлэхээр компани урсгал зардлаа чүү ай төлөөд явж байна. Тэгэхээр алдагдал гэхээсээ илүү зээлийн асуудал үүснэ, ногдол ашигт төлнө гэж төлөвлөж байсан хуримтлуулсан мөнгөө өөр бусад зардалдаа төлж эхэлсэн гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээх