Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн өдрүүдэд нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 124 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, 9 нь үндэслэлтэй болохыг тогтоожээ. Тодорхой хэлбэл, Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалтан Б, эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Д, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудаас ноцтой зөрчил илрэв.
Мөн Увс аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б, Баян-Өлгий аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М, Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дансны орлого, зарлага, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоосон байна. Улмаар холбогдох албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй тул шалгахаар болжээ.
Ташрамд дурдахад, гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахаар өнгөрсөн онд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-г шинээр байгуулж, гүйцэтгэх захирлаар нь тухайн үеийн НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилж байв. Өдгөө З.Төмөртөмөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэг ажлыг хашиж буй.
Сэтгэгдэл үлдээх