Ерөнхий сайд Н.Учрал танхимаа хуралдуулж, аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлсний дагуу хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ. Тодорхой хэлбэл, салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг өгч, дээрх албан тушаалтнуудад хуулийн хүрээнд хариуцлага тооцох, үр дүнг ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлээрэй гэсэн юм.
Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт мөн чиглэл өгч төрийн бүх шатны байгууллагад хяналт шалгалт оруулах чиглэл өглөө.
Дараа нь Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал Эмнэлгийн Ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлж буйгаа мэдэгдэв.
Улмаар Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар боллоо. Эцэст нь Ерөнхий сайд Н.Учрал "Монголд хариуцлагагүйн зуд нүүрлэлээ. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй. Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх