Түүхийн хүрээлэнгийн захирал академич С.Чулуун, Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар нар 2012 онд БНХАУ-ын талтай гэрээт байгуулан Төв архивт хадгалагдаж байсан Манжийн үеийн (1725–1911 он) «Хүрээ сайдын хөмрөг»-ийн 640 мянган нүүр бүхий архивын баримтыг Хятадын талд хуулбарлан өгсөн нь асар их дуулиан шуугиан дагуулж, цөөнгүй судлаач байр сууриа илэрхийлж байв.
Жишээ нь, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш Г.Мөнх-Эрдэнэ 2023 оны нэгдүгээр сарын 11-нд өөрийн нүүр номдоо "Манай С.Чулуун олон нүүртэй шүү. Лав энэ нүүрээрээ бол Хархорин хот босгох юм байх. Тэнд ажилладаг гаднын археологичид ахиж ажиллаж чадахгүй бололтой. Харин нөгөө нүүрээрээ Архивын 640 мянган нүүр баримт, өөр нэг нүүрээрээ Өндөр гэгээний намтар, Чингис хааны үеийн алтан зоос. Бас өөр нүүрээрээ Олон улсын Монгол судлалын Холбоог ажиллуулахгүй байх гээд олон юм хийж байгаа хүн дээ" гэсэн агуулгатай пост оруулсан нь С.Чулуун гомдох үндэслэл болж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг маргаан таван жил орчим үргэлжлэв.
Нэхэмжлэгч С.Чулуун, хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдох иргэний хэргийг Улсын дээд шүүх өчигдөр хянан хэлэлцсэн байна. Нэхэмжлэгч С.Чулуун нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэд холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гарган, гурван шатны шүүхэд хандсан юм.
Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн фейсбүүкт нийтэлсэн постынхоо үндэслэлийг баримтаар нотолж, судлаачийн хувиар шүүмжлэл илэрхийлсэн байх тул бодит байдалд нийцээгүй мэдээлэл тараасан гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь нотлогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэдийн төлөөлөгч Ц.О мөн “Багш буруугүй. Учир нь хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээллээ өөрөө анх оруулаагүй. Олон нийтийн сүлжээ болон найман сайтад гарсан байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэсэн. Тус сайтын нэгэнд өөрөө буюу С.Чулууны ярилцлага байна. Өөрөө өөрийнхөө ярилцлагыг нэр хүндээ гутаасан гэж үзэх бол боломжгүй. Мөн адил мэргэжилтэй судлаач хүн эх үүсвэрээ шалгасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийг мэдээлэлд ойр байдал, эрх мэдлээ ашигласныг салбарын эрдэмтэд хардах эрхтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргажээ.
Давж заалдах шатны шүүх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан гэхээс илүүтэйгээр түүний ажил хэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор шүүмжлэлийг бичсэн. Нэхэмжлэгч нь нийтийн зүтгэлтний хувьд хэвлэл мэдээллийн анхааралд байнга өртөх онцлогтой тул ... шүүмжлэлийг илүү өргөн хүрээнд хүлцэн тэвчих үүрэгтэй. Мөн хариуцагч нь нэг салбарт ажилладаг судлаачийн хувьд тодорхой баримтад тулгуурлан өөрийн санал, шүүмжийг илэрхийлсэн, мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлсэн байх тул илт худал мэдээлэл тарааж ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хариуцагч Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл үлдээх