Засгийн газрын хуралдаанаас: Юун баахан татвар тэглэчихэв

.Graph
2024-05-01

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэлээ

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийг баталсан.
  • Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх тогтоолыг албажуулснаар хэрэгжиж эхэллээ. 
  • Өмнө нь гурил, малын тэжээлийн импортын татвар 15.5 хувь байсан юм. 

Яагаад тэглэв? 

  • Импортоор гурил татваргүй орж ирснээр гурилын зах зээл дээр өрсөлдөөн бий болж, гурилын үнэ буурна гэж үзсэн. 
  • Одоо нэг кг гурилын үнэ 2600-3000 төгрөг байгаа бөгөөд үнэ буурч, 1600 төгрөгөөс хэтрэхгүй зарагддаг болно гэж үзсэн. 
  • Улс даяар зуд болж байгаатай холбогдуулан малчдад малын тэжээлийг хямд үнээр олгохын тулд импортын татварыг нь тэглэсэн байна. 

Цемент импортлох татварыг 5 хувь болголоо

  • Цемент импортлох татварыг УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолын дагуу Засгийн газар тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхтэй байна.
  • Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар цементийн татварыг 5 хувь болгож буурууллаа. 
  • Өмнө нь цементийн импортын татвар 20 хувь байсан юм. 

Яагаад татварыг бууруулав?

  • Барилгын салбарт үнэ буурах боломж бүрдүүлэхийн тулд импортын цементийн үнийг бууруулах шалтгаан болсон байна.
  • Энэ жил төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилгын ажлын төсөв 3.3 их наяд. Уг хэрэгцээ шаардлагыг дотоодоосоо хангаж чадахгүй гэж Засгийн газар үзжээ. 
  • Мөн Засгийн газраас ипотекийн зээлийн олголтыг 500 тэрбум төгрөгөөр нэмсэн нь барилгын салбарт үнэ хөөргөдөх эрсдэлтэй гэж үзсэн байна. 

Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэр гарлаа. 

Иргэн бүрд данс нээнэ

  • Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэн бүрийн нэр дээр Хуримтлалын санд шинэ данс нээнэ. 
  • Тус сангийн орлогын эх үүсвэрийг иргэдийн боловсрол, орон сууц, эрүүл мэндэд зарцуулна. 
  • Шаардлагатай нарийвчилсан зохицуулалтыг Монгол банк болон арилжааны банкууд хийнэ.

Энэ жил 10 мянган өрхөд нэмж ипотекийн зээл олгоно

  • Засгийн газраас Хуримтлалын санд Эрдэнэс Монгол компанид байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгийг уг санд хуримтлуулж, орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
  • Ингэснээр 2024 онд санхүүжүүлэх ипотекийн зээлийн хэмжээ 1.2 их наядад хүрч, нэмээд 10 мянган өрхөд ипотекийн зээл олгоно. 
  • Одоогийн байдлаар арилжааны банкууд дээр ипотекийн зээл авах 17 мянган хүсэлт судлагдаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe