"100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөрт иргэд яаж хамрагдах вэ

.Graph
2026-11-04

Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой иргэд тухайн хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах талаар төдийлөн мэдээлэлгүй байна. Тэгвэл бид та бүхэнд энэ хөтөлбөр хэзээнээс хэрэгжээд сонгон шалгаруулалтаа яаж авахыг тодорхой болгож өгье.

100 мянган орон сууцын 60 мянгыг нь хувийн хэвшлийн барьсан орон сууцаар шийднэ. Харин төрөөс 40 мянган айлын орон сууцыг мөн газар, дэд бүтцийг нь шийдэж өгөх замаар хувийн хэвшил барина. 2025 оны байдлаар Монгол Улсад нийт 410 мянган өрх байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс ажил эрхэлж орлого олон улсад нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг буюу орон сууцанд хамрагдах боломжтой 270 мянган өрх байгаа юм.

100 мянган айлын орон сууцанд дараах иргэд хамрагдах боломжтой:

- 20 мянган орон сууцанд Төрийн үйлчилгээний ажилтан

- 18 мянган орон сууцанд ахмад настан

- 15 мянган орон сууцанд залуу гэр бүл

- 15 мянган орон сууцанд Төрийн бусад албан хаагч

- 10 мянган орон сууцанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл

- 10 мянган орон сууцанд Хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч

- 5 мянган орон сууцанд Өрх толгойлсон эцэг, эх

- 5 мянган орон сууцанд Олон хүүхэдтэй гэр бүл

- 2 мянган орон сууцанд Гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэд.

Одоогийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн 50 мянга гаруй иргэн байгаа гэдэг тоон мэдээллийг харахаар орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэд маш олон байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Тэгвэл 100 мянган айлын орон сууцанд хамрагдахын тулд сонгон шалгаруулалт явуулах нь ойлгомжтой. Сонгон шалгаруулалт дараах зарчмаар явагдах нь ээ.

1.      Хүсэлт гаргана

2.      Өрхийн насанд хүрсэн гишүүн бүрийн зөвшөөрлийг авна / зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үнэлгээ хийгдэхгүй/

3.      Суур шаардлага хангасан эсэхийг харгалзана

4.      100 хүртэлх оноог олгоно

4.1  Үндсэн ангилал хангаж байвал 50 оноо

4.2  Санхүүгийн чадамж батлагдвал 20 оноо

4.3  Ангилал давхацсан  /Залуу гэр бүл мөртөө хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан мөртөө хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт/

4.4  Давуу эрх /гэр хорооллын оршин суугчид, анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүл гэх мэт/

Үндсэн сонгон шалгаруулалт ухаалаг онооны системээр ингэж явагдах юм. Харин оноо тэнцсэн тохиолдолд ажлын хэсэг үнэлж шийднэ. Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр арилжааны банкууд шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтад тэнцэж орон сууцанд хамрагдах хариугаа авсан танд дараах төлбөрийн сонголтуудыг санал болгоно.

1.Түрээс,  10 мянган орон сууц

Энэ сонголт нь та зөвхөн түрээслээд явна гэсэн үг. 50 мкв-тай орон сууцаар жишээ авах юм бол сар болгон 700 мянган төгрөг төлнө.

2.Түрээслээд өмчлөх,  30 мянган орон сууц

Энэ сонголтоор та түрээсийн мөнгөө төлөөд давхар өмчлөх мөнгөө нэмж төлнө гэсэн үг. Гэхдээ урьдчилгаа мөнгийг бөөнд нь өгөх боломжгүй бол эхний таван жил түрээслээд өмчлөх хэлбэрээр төлж байгаад таван жилийн дараа урьдчилгаа мөнгө бүрдсэн үед ипотекийн зургаан хувьд шилжих боломжтой. Дээрх шиг 50 мкв-тай орон сууцанд орлоо гэж тооцвол сард 700 мянган төгрөг тухайн байрны мкв-ын үнэлгээ хэд байхаас шалтгаалан үлдсэн мөнгийг мөн эхний таван жил нэмж төлнө гэсэн үг. Энэ илүү төлөлт нь таны орон сууцын урьдчилгаа мөнгө юм. Мөн ипотекийн зээлд хамрагдахгүй 20 жил түрээсээ төлөөд өмчлөх мөнгөө төлөөд явах бас боломж бий.

3.Хамтын өмчлөл,  10 мянган орон сууц

30 саяын урьдчилгаа төлөх шаардлагатай ч танд 15 сая төгрөг байх юм бол энэ хэлбэрийг сонгож болно. Та 15 сая төгрөгөө урьдчилгаанд төлөөд орон сууцынхаа 50 хувийг эзэмшинэ. Үлдсэн 50 хувийг ТОСК өмчилнө гэсэн үг. Ингээд дээрх сонголтуудаас сонгон төлбөрөө төлнө. Зөвхөн түрээслээд явах эсвэл түрээслээд өмчлөх. Та түрээслээд 10 жил болсны дараа түрээслээд өмчлөх хэлбэр рүү шилжсэн ч таны авсан байр анхны авсан үнэлгээгээр бодогдох юм.

4.Газрыг орон сууцаар солих,  50 мянган орон сууц

Энэ бол хамгийн ойлгомжтой хэсэг. Таны эзэмшлийн газар дахин төлөвлөлтийн бүсэд хамрагдаж байх юм бол орон сууцаар солих боломж.

Засгийн газраас хэрэгжүүлэх "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр ирэх оноос хэрэгжиж эхэлнэ.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe