Хавьер Милей, Саймон Тротт нар 1.4 тэрбум ам.долларын төслөө эхлүүллээ

Ц.Чимэдцэеэ
2026-11-04

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Катамарка мужийн захирагч Раул Халил нар Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Троттын хамтаар 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хоёр төслөө нээлээ.

Рио Тинтогийн Катамарка дахь “Fénix 1B” өргөтгөл болон “Sal de Vida” төслийн албан ёсны нээлт өнгөрсөн сарын 29-нд болсон. Оролцогчид Аргентины ашигт малтмалын салбар тэр дундаа лити олборлох, үйлдвэрлэх чиглэлээр түүхэнд тэмдэглэх өдөр болсныг онцолж байна.

  

Эдгээр төсөл төлөвлөсөн хугацаанаас урьтан энэ оны хоёрдугаар улирлын байдлаар анхны бүтээгдэхүүн болох литийн карбонат эквивалент(LCE)-ыг амжилттай үйлдвэрлээд буй юм. Одоо Оюу толгой болон бусад томоохон уурхайнуудын адил олборлох, боловсруулахаа жигдрүүлж, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх шатандаа ирээд байна. 

Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц үйлдвэрлэлийг жилийн 25,000 тонноор нэмэгдүүлж, Рио тинто групп болон Аргентин улсын дэлхийн зах зээлд тэргүүлэгч байр суурийг улам бэхжүүлэх зорилготой. 

Гүйцэтгэх захирал Саймон Троттын урилгаар Fenix үйлдвэрт зочилсон  Ерөнхийлөгч Хавьер Милей, мужийн захирагч Раул Халил нар ажилчид, ханган нийлүүлэгчид, орон нутгийн болон уугуул иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. 

Аргентин улсын Ерөнхийлөгч Хавьер Милей: Феникс төслийн өргөтгөл бол Аргентины уул уурхайн салбарын нөөц бололцоог харуулсан түүхэн үйл явдал. Энэ нь манай улс орчин үеийн ертөнцөд нэн чухал шаардлагатай нөөц баялгийг үйлдвэрлэх таатай нөхцөлийг дахин бүрдүүлж чадсаны үр дүн юм. Ийм хэмжээний цар хүрээтэй компани Аргентиныг найдвартай түнш хэмээн үзэж, манай улсад хөрөнгө оруулалт хийж буйд бид бахархаж байна. Энэ нь бидний сүүлийн жилүүдэд гаргасан шийдвэр зөв байсны баталгаа билээ.. 

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт: Өнөөдөр бол Рио Тинтогийн хувьд бахархалтай мөч бөгөөд дэлхийн тэргүүлэгч нийлүүлэгч байр сууриа бэхжүүлж буй Аргентины литийн салбарын хувьд чухал алхам юм. Энэ хоёр төслийн хувьд Катамарка мужид 30 гаруй жилийн турш үргэлжилсэн литийн үйлдвэрлэлийн болон аргентины ажиллах хүчний туршлага дээр суурилж байна. Бид 2028 он гэхэд дэлхий даяар жилд 200,000 тонн литийн карбонат эквивалент үйлдвэрлэх зорилт тавьж байна. 

Феникс төсөл 1997 онд Аргентины анхны арилжааны литийн үйлдвэр болон үйл ажиллагаагаа эхэлсэн. Өргөтгөл нь одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 10,000 тонноор нэмж, нийт хүчин чадлыг ойролцоогоор 40,000 тоннд хүргэж байна.

Сал де Вида төслийн хувьд Феникс зүүн хойд зүгт ойролцоогоор 20 километрийн зайд орших шинэ литийн карбонатын үйлдвэр бөгөөд жилийн 15,000 тонн чадалтай байхаар төлөвлөжээ.

"Рио Тинто" нь Аргентин дахь литийн үйл ажиллагаандаа нийт 4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсний ойролцоогоор 70 хувийг орон нутгийн ханган нийлүүлэгчдээр дамжуулан зарцуулахаар тооцоолсон байна.

Ташрамд дурдахад, литийн карбонат эквивалент нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн ногоон эдийн засаг, технологийн гол түүхий эд юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe