Дахин төлөвлөлтийн хохирогчид чамлахаар чанга атгахыг илүүд үзлээ

.Graph
2026-11-04

Гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах, хуучны байруудыг нурааж, дахин барилгажуулах нэрээр Засгийн газар олон өрхийг орох оронгүй болгож, амьдралыг нь шороотой хутгалаа. Сонгууль хаяанд ирсэн тул өнөө жилээс л дээрх асуудалд түлхүү анхаарч, бүр ажлын хэсэг байгуулав. Тодорхой хэлбэл, Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар Орон сууц захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар багтаж буй. Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогч нарт төслийн хүрээнд баригдсан орон сууцаас байр олгох ажлыг хариуцна. Мөн Эрчим хүчний сайд Б.Найдалаа багт багтаж, шинээр барих орон сууцны инженерийн дэд бүтцийн техникийн нөхцөлийг хариуцах үүрэг хүлээж буй. Үүнээс гадна бүрэлдэхүүнд АТГ болон Улсын ерөнхий прокурорын газрын албан тушаалтнууд багтжээ. Ийнхүү салбар бүрийн албан тушаалтнууд тус тусынхаа үүрэг чиглэлийн дагуу хохирогчдын эрх ашгийг хамгаалах ажлыг эрчимжүүлж эхлээд байгаа юм. Тухайлбал, АТГ-аас Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын зарим үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй тул шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлснээ өнөө өглөөхөн мэдээлнэ лээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хуулийн 86 этгээд нь 3990 иргэнтэй гэрээ байгуулж, 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нийт 173 хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Нийт хэргээс мөрдөн байцаалтад 48, хэрэг бүртгэлтэд 69 хэрэг байгаа гэнэ. Харин 56 хэргийг шийдэж чадаагүй байна. Үүнээс гадна он гарсаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт орон сууцны захиалгатай холбоотой 879 гомдол иржээ.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас 95 аж ахуйн нэгжийн 106 орон сууцны төслийг шалгахад 37 нь ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь тогтоогджээ. Өнөөдөр хотын хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газраа чөлөөлсөн ч орон сууцандаа орж чадаагүй эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон 735 өрх байгаа юм.

Тодорхой жишээ дурдъя, 2014 онд “Их өргөө” ХХК Сансар хотхоны 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байрыг нурааж, дахин барилгажуулахаар 85 өрхийг тал тал тийш нүүлгэсэн. Гэвч барилгын суурь барих төдийхнөөр төслийн ажлаа зогсоосон. Сэтгэл санааны дарамтад орсон хохирогчдоос цөөнгүй хүн нас барж, олон хүүхэд өнчирсөн. Тиймээс тэдгээр иргэнийг нийслэлийн ЗДТГ-аас түр суурьшуулах байранд оруулсан. Тухайн үед одоогийн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр сонгуульд нэр дэвшсэн бөгөөд хохирогчдын асуудалд анхаарна хэмээн амлаад хэргээ бүтээсэн хойноо асуудлыг мартсан талаар иргэд гомдонгуй ярьдаг.

Ингээд 2023 онд “Брилиант партнер” ХХК болон “Бизхаб” ХХК-ийн түншлэл Сансарын 4-10 дугаар байрнаас гадна нэмж 1-3 дугаар байрны 61 өрхийн асуудлыг шийднэ хэмээн төсөлд шалгарсан байдаг. Гэвч өнөөдрийг болтол байраа нураалгасан иргэдээс өөрийн гэсэн орон сууцтай болсон хүнгүй, зутарч явна. Тухайлбал, 2023 онд байраа чөлөөлсөн 3 дугаар байрны ам бүл дөрвүүлээ айлын гурав нь нас барсан байдаг. Гэр бүлийн гишүүдээс ээж, аав, охин нь сэтгэл санааны гүн хямралд орж нас барсан бөгөөд үлдсэн ганц гишүүн буюу хүү нь архины хамааралтай болж гудамжинд гарсан гашуун түүх ч сонсогдов. Шалтгаан нь төсөлд шалгарсан компани түрээсийн мөнгөө өгөөгүйгээс залуу байрнаасаа хөөгдөж гудамжинд гарсан гэдэг.  Ер нь тус түншлэл олон зуун хүний амь амьдралыг хохироосон талаар иргэд хэлж буй. Үүнээс гадна “Брилиант партнер” ХХК-ийн захирал С.Булган-Эрдэнэ бариагүй байрандаа өөр иргэдээс орон сууцны захиалга авч 50, 100 хувийн урьдчилгаа мөнгө авсан хэргүүдэд ч нэр холбогдсон. Тиймээс асуудал хурцдаж, иргэд эсэргүүцэж, жагсаал зохион байгуулж байж сая нэг юм нийслэлийн ЗДТГ-аас Сансар хотхоны 164 өрхийн 800 гаруй хохирогчдыг 1008 айлын орон сууцад оруулахаа амлаад буй. Анхны дахин төлөвлөлтөд хамрагдаж, хохирч шаналж 12 жил орон гэргүй явсан 800 гаруй иргэн дээрх амлалтад туйлын сэтгэл ханамжтай байна. Улмаар тэнгэрийн умдаг атгасан мэт баярлаж, анх гурван талт гэрээгээр тохирсон метр квадратыг нь 50 хувь багассаныг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ.  Уг нь иргэдийн шаардлагад нийцсэн орон сууцтай байх эрхийг олон улсын болоод үндэсний эрх зүйгээр хамгаалж өгсөн байдаг. 

Хэдхэн хоногийн өмнө дэлхийн хотуудын хийгээд хот төлөвлөлтийн өдрийг улс орнууд ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүлэв. Харин метрополис тодотголтой манай хотынхон эл өдрийг төдийлөн ойшоосонгүй. Угаасаа ямар нүүрээрээ тэмдэглэх билээ. Гэхдээ сонгууль угтсан жилүүдэд Засгийн газар гэр хорооллын дахин төлөвлөлтийн хохирогчдод анхаарал хандуулж эхэлсэн нь сайшаалтай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe