Чингис хаан Үндэсний музейгээс Италийн Турин хотын Дорно Дахины Урлагийн музейтэй хамтран “Монголчуудын ертөнц: Ил хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг тун удахгүй дэлгэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус үзэсгэлэнгээр дамжуулан Чингис хаан болон Монголын эзэнт улсын хаадын ивээл дор Өрнө дорнын соёл урлаг, уран баримал, шаазан эдлэлийн урлал, барилга архитектур хэрхэн хөгжсөн, мөн монгол хаад өөрсдийн нүүдэлчдийн соёл, уламжлал, хэв маягийг хадгалан авч үлдсэнийг харуулах болно.
Монголчууд Европын улс орнуудад хадгалагдаж байгаа Монголын эзэнт улс, түүний бүрэлдэхүүн улс болох Ил Хаант улсын өв соёлтой холбоотой ховор нандин дурсгалуудыг эх нутагтаа үзэх боломжийг Чингис хаан Үндэсний музейгээс үзэгчдэдээ олгож байна. Тус үзэсгэлэн Монголын эзэнт улс, Монголын соёлыг дэлхийд сурталчлах том үүд болох бөгөөд, тус музейд олон улсын өндөр түвшний үзэсгэлэнг эх нутагтаа, анх удаа зохион байгуулснаар дэлхийн шилдэг өвүүд, Монгол өв соёлын тусгай үзэсгэлэнг цаашид зохион байгуулах үүдийг нээсээр байна.
Мөн Монголын эзэнт улсын үед холбогдох өв дурсгалуудаар эх нутагтаа үзэсгэлэн зохион байгуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, соёлын аялал жуулчлалын хөгжилд чухал хөшүүрэг болох эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Тус музей нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн музей болохын хувьд Италийн Боргезе галерейд Өндөр гэгээн Занабазарын Ногоон Дара Эх болон Занабазарын хөрөг уран баримлаар “ЗАНАБАЗАР: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү” тусгай үзэсгэлэнг (2026.01.19-н 02.21) зохион байгуулсан бол, уг үзэсгэлэнгийн үргэлжлэл болгон Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжлагч их хаадын түүх соёлд хамаарах дурсгалуудыг хадгалж буй Итали улсын Турин хотын Дорно дахины Урлагийн музейтэй хамтран үнэт дурсгалуудыг Чингис хаан үндэсний музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 23-наас арванхоёрдугаар сарын 20-ны хооронд дэглэнэ.
Сэтгэгдэл үлдээх
Хэзээ болохыг нь бичдэггүй юмуу???
🙄
Дэмжих үү?
0 0