Х.Ганхуяг: Хааны нэрийг ашиглахыг дотооддоо хоригловол гадны улсууд ашиглаж эхэлнэ

.Graph
2026-11-05

Чингис хааны хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахыг хориглох хуулийн төсөл боловсруулахыг санал болгожээ. Тодруулбал Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд Чингис хааны хөргийг согтууруулах ундааны шил, тамхины сав, баглаа боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулах заалт тусгажээ.

Төсөлд Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, “Монголын нууц товчоо” болон Их Монгол Улсын бэлгэдэлтэй холбоотой зүйлсийг ашиглах асуудлыг журамлахаар заасан байна. Харин “Чингис хаан” нэрийг бүтээгдэхүүнд ашиглахыг бүхэлд нь шууд хориглосон заалт хавсаргасан төсөлд байхгүй бөгөөд хориглох санал нь хөргийг архи, тамхины савлагаанд ашиглахтай холбоотой юм.

Тус төсөлд хийсэн судалгаанд ийм зохицуулалт нь үндэсний үйлдвэрлэгчдийн барааны тэмдэг, савлагаанд оруулсан хөрөнгө оруулалт, экспортын бүтээгдэхүүний танигдсан байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ. Мөн Монголд тогтоосон хориг гадаадын зах зээлд автоматаар үйлчлэхгүй тул дотоодын үйлдвэрлэгчдийн боломжийг хязгаарлах атлаа гадаад дахь хэрэглээг зогсоож чадахгүй байх эрсдэлийг дурдсан байна.

Нөгөө талаас, төслийн гурав дахь заалтаар Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар тусгай сан байгуулж, түүх, өв соёлыг хамгаалах, сурталчлах ажлыг санхүүжүүлэх санал боловсруулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

“Дэлхийн ихэнх улс орнууд хаад, удирдагчдынхаа нэрээр ёслол хүндэтгэлийн бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж, бүтээж, экспортод таниулж валютын орлого олдог. Хэрэв дотооддоо хоригловол бусад гаднын улс орнууд үйлдвэрлэж, улс үндэстний нэгдмэл үнэт зүйл, үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөтэй”

“Монголдоо хориг тавих нь дэлхийд нэрээ хамгаалсантай адил биш. Гадаад дахь хамгаалалтаа шийдээгүй атлаа дотоодын үйлдвэрлэгчдийн хэрэглээг хаавал нэрийн арилжааны үнэ цэнийг монголчууд ашиглах боломжоо хязгаарлаж, гадаадын хэрэглээг хэвээр үлдээх эрсдэлтэй.“Чингис хаан Монголын түүхэн хүн учраас нэр нь дэлхий даяар Монголын онцгой өмч” гэж автоматаар үзэх боломжгүй. 

Брэнд бол зөвхөн нэр, шошго биш  олон жилээр бий болгосон хөрөнгө, үнэ цэн 

Хэрэглэгчийн таних байдал, бүтээгдэхүүний нэр хүнд, борлуулалтын сүлжээ, сурталчилгааны хөрөнгө оруулалт тэр нэрд хуримтлагддаг. Өмнө нь зөвшөөрөгдөж байсан нэрийг гэнэт хоригловол компани:

  • Савлагаа, шошго, бэлэн бүтээгдэхүүний нөөцөө өөрчлөх;
  • Шинэ нэрийг хэрэглэгчдэд дахин таниулах;
  • Гадаадын борлуулагчтай байгуулсан гэрээ, бүтээгдэхүүний бүртгэлээ шинэчлэх;
  • Хуучин нэрээр нь хайдаг хэрэглэгчдээ алдах эрсдэлтэй.

Эдгээр нь бүгд бодит зардал, алдагдал үүсгэх эрсдэлтэй юм.

Төрийн шийдвэрийг бизнест ойлгомжгүй тодорхой байдал бий болгож байна

Бизнесийн хувьд “өнөөдөр зөвшөөрсөн зүйлд хөрөнгө орууллаа, маргааш нэрийг нь хориглочихлоо” гэсэн нөхцөл хамгийн хүндрэлтэй. Ийм өөрчлөлт нь тухайн брэндээс гадна бусад компанид ч урт хугацаанд хөрөнгө оруулах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Төр зохицуулалтаа өөрчилж болно. Харин хууль ёсоор бий болсон бизнесийн ашиг сонирхлыг хэрхэн харгалзах нь шийдвэрээ гаргах нь сонирхолтой кейс болохоор байна. Тус үг өгүүлбэрийг Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр санаачилжээ. 

Харин энэ тухай ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: .Чингис хаан Тэмүүжин гэдэг нэр хүүхдэдээ өгөхгүй больё гээд санал гаргавал нэрийг нь хурааж авах юм уу? Гишүүд энэ асуудлаа тусад нь хуулиа санаачилж оруулж ир. Хүндэтгэлийн чуулган зарлаж байгаа тогтоолын төсөл дээр ийм юм оруулж ирэх нь яг зөв үү?

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe