УИХ-ын гишүүн С.Цэнгүүний санал болгож буй таван номыг хүргэж байна.

С.Цэнгүүн:
"Уншсан номнуудаасаа тавыг сонгох амаргүй байлаа. Энэ тавыг сонгох зуураа “Уншихад ямар сайхан байлаа даа” гэж бодон, тэр мэдрэмжээ хальтхан ч гэсэн дахин авлаа. Номоо эргэн дурсахад тэр үеийн өөртэйгөө ч уулзаж байгаа юм шиг сайхан санагдлаа"
- Өөрийгөө бодох нь ариун үйлс /Айн Ранд/
Хувь хүн өөрийгөө бодох нь заавал хувиа хичээсэн, бусдыг үл тоосон үйлдэл биш гэдэг ялгааг хүчтэй харуулдаг ном юм. Харин өөрийн амьдралыг үнэ цэнэтэйд тооцож, хүсэл зорилгоо өөрөө тодорхойлж, сонголтынхоо хариуцлагыг хүлээх тухай энэ номоос эргэцүүлж болно.
Мөн бусдад туслах нь өөрийн хүсэл, үнэт зүйлээс үүдэлтэй сайн дурын үйлдэл байх ёстой болохоос гэмшил, айдас, нийгмийн шахалтаас үүдсэн золиос байх албагүй гэсэн сонирхолтой өнцгийг дэвшүүлдэг.
Өөрийгөө хүндлэх, хувь хүний эрх чөлөө, бие даасан сэтгэлгээний талаар эргэцүүлэн бодохыг хүссэн хэн бүхэнд уншихыг зөвлөе.
- Монте Кристо гүн /Александр Дюма, цуврал/
Хүүхэд байхдаа уншиж, номонд дуртай болсон минь энэ бүтээлтэй холбоотой. Адал явдал, нууц, санаанд оромгүй эргэлтүүд нь цааш юу болох бол гэсэн сониуч занг байнга хөдөлгөнө. Ном унших ямар сонирхолтой байж болдгийг мэдрүүлсэн болохоор надад онцгой санагддаг.
Эдмон Дантесын түүхээр дамжуулан урвалт, итгэл найдвар, өшөө авалт, өршөөлийн тухай бодож болно. Өөрт нь учирсан шударга бус явдлыг засах гэсэн хүний хүсэл хаана хүрээд зогсох ёстой вэ гэдэг асуулт ч урган гардаг. Намайг номонд дурлуулсан энэ бүтээл өөр хэн нэгэнд ч уншихын сайхныг мэдрүүлээсэй гэж хүсэж байна.
- Шидэт уулын сормуус /С.Эрдэнэболд/
Долоон настай, нэгдүгээр ангид орсон үеэрээ аавтайгаа Их дэлгүүрээр явж байгаад энэ номыг анх харсан юм. Хавтасны зураг нь маш их таалагдаад ааваараа авахуулж байлаа. Одоо ч нэрийг нь бодохоор номоо анх харсан тэр мөч хамт санаанд ордог.
Итгэл, сэтгэл, хайрын тухай маш гоё өгүүлэмжтэй үлгэрийн ном байсан. Хүүхэд насандаа уншсан номын үйл явдлыг нэг бүрчлэн санадаггүй ч уншихад төрсөн мэдрэмж нь үлддэг юм шиг. Миний хувьд энэ ном хүүхэд насны минь сайхан дурсамжийн нэг.
- Бодролууд /Маркус Аврелиус/
Бид эргэн тойронд болж байгаа бүхнийг өөрчилж чадахгүй. Харин түүнд хэрхэн хандах, өөрөө ямар үйлдэл хийхээ бодож сонгох боломжтой. Маркус Аврелиусын өөртөө зориулан бичсэн тэмдэглэлүүд энэ тухай эргэцүүлэхэд хүргэдэг.
Бусдын үнэлгээ, магтаал, шүүмжлэлд авталгүй өөрийн бодол, үйлдлээ хянах тухай санаанууд нь өнөөдөр ч ойрхон санагдана. Хаан хүн ч уур бухимдал, эргэлзээтэйгээ нүүр тулж, өөртөө шаардлага тавих хэрэгтэй байсныг унших сонирхолтой. Өдөр тутмын олон асуудлын дунд юунд анхаарлаа хандуулах, юунд хүчээ үрэхгүй байх вэ гэдгээ бодоход тустай учраас энэ номыг санал болгож байна.
- Justice /Майкл Сандэл/
Улс төрч болох хүсэлтэй хүмүүс заавал унших ёстой ном гэж боддог. Бид шударга ёсны тухай их ярьдаг ч яг юуг шударга гэж үзэж байгаагаа тэр бүр тайлбарладаггүй.
Энэ ном шударга ёсны талаарх философи, улс төрийн онолын ялгаатай үзэл санааг бодит амьдралын жишээ, ёс суртахууны ээдрээтэй сонголтоор тайлбарладаг. Нэг хүнд зөв санагдсан шийдвэр нөгөө хүний хувьд яагаад шударга бус байж болохыг ойлгоход тусална. Надад хамгийн чухал санагддаг нь өөрийн зөв гэж итгэдэг зүйлээ ч эргэлзэж, үндэслэлийг нь шалгах боломж өгдөг. Маш сонирхолтой хором ч уйдаадаггүй ном болохоор энэ номыг санал болгомоор байна.
Миний санал /Олон хүний тусын тулд нэг хүний эрхийг зөрчиж болох уу? Хүн хөдөлмөрлөж олсон бүхнээ өөрөө захиран зарцуулах эрхтэй юу? Ийм асуултад эхлээд хариулах амархан мэт санагдана. Харин нөхцөл нь жаахан өөрчлөгдөхөд саяхан зөв гэж бодсон зүйлдээ эргэлзэж эхэлдэг.
Энэ номын хамгийн сонирхолтой нь уншигчийг ийм сонголтуудтай нүүр тулгадагт бий. Философийн ялгаатай үзэл санааг амьдралд ойр жишээгээр тайлбарлах учраас унших явцдаа өөрийн эрхгүй аль нэг талд нь орж, дараа нь бодлоо дахин шалгана. “Би яагаад үүнийг зөв гэж бодож байна вэ?” гэж өөрөөсөө асуухад хүргэдэг учраас санал болгохгүй байхын аргагүй гоё ном./
Сэтгэгдэл үлдээх