Үгүй байлгүй дээ гэсэн зүйлс сүүлийн өдрүүдэд яасан ч их болов доо. Төмөр замын дарга 18 настай охиныг 10 сая төгрөгөөр худалдаж аваад л, хуушуур зардаг цайны газраас шатахуун нэхээд л, Б.Жавхлан Ерөнхийлөгчид биеэ нөөж байна ч гэнэ үү, Б.Чойжилсүрэн, А.Ариунзаяа нарыг сайдаар томилох гэж байна гээд л. Тэгсэн ямартай ч 10 саяын эзэн Төмөр замын дарга биш болж таарлаа, хуушуур хийж байсан хоёр эгч шатахуун түгээгүүрийн газрын түгээгч нар байж таарлаа. Харин Б.Чойжилсүрэнгийн томилгоо үнэний ортой болоод явчихлаа шүү. Өнөөдөр өөрөөс нь сэтгүүлчид энэ талаар асуух үед улс төрчдийн томилгооныхоо өмнө хэлдэг өнөөх жижүүр үг болох “би та нараас л сая сонслоо” гэдэг үгийг хэлж байна. Араас нь санал тавих юм бол тухайн үед нь шийднэ гэх томилгоогоо хүлээж байгаа хүний үгийг ч хэлэв.
Томилгооны цаана...
Засгийн газар ирэх оны төсвөө батлуултал танхимаа хөдөлгөхгүй нь тодорхой байх. Тэгэхлээр хэрвээ томилгоо явагдах дээрээ тулбал төсвөө батлуулчхаад араас нь ганц нэг хүнээ солих биз. Ийм эрт гэрэл цохиулж байна гэдэг цаанаа нэг учир бас бий. Б.Чойжилсүрэн, А.Ариунзаяа нар угаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын гаралтай хүмүүс. Төсөв дээр нь унжиж магадгүй нөгөө талаа зөөлрүүлэх “тактик” ч байж болох. Эсвэл төсвөө батлуулахын тулд нөгөө талдаа өгч байгаа бэлэг нь ч байж мэдэх юм. Ийм томилгоо төсвийн араас нэг их удалгүй хийгдвэл тэд учраа олж эхэлж байгаа юм байна гэж ойлгоход нэг их буруудахгүй. Бүтэн хоёр жил орчим олны нүдэн дээр нэгэнтэйгээ ноцолдсон МАН хэсэг хугацааны завсарлага аваад Ерөнхийлөгчийн сонгуулиа ядаж авах нь аль аль талд нь хэрэгтэй байгаа. Үгүй бол манай тал, танай тал гэлгүй бүгд хонгилоор алхана. Айхтар улс төрийн тэмцэл хэсэг зогсох үгүйг бид удахгүй харах нь ээ.
Үгүй байлгүй дээ...
Монгол Улсын дөрөвдүгээр хүний суудалд очоод удаагүй байгаа Ж.Энхбаяр нэгдүгээр хүн рүү арай л эрт санаархаад байна уу. Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед хувийн амбицаа дарж чадахгүй байгаа хүмүүсийн нэг бол яалт ч үгүй тэр. Хүний хүсэлд хязгаар байх биш. Болохгүй нь юу байх вэ. Гэхдээ “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг шиг улс төрийн хайчинд орох вий. Дээрх томилгоо явахаар шийдсэн бол буцаад Хөдөө аж ахуйн яам эсвэл Батлан хамгаалахын яам руу гаа явна гэж лав байхгүй байх. Эндээсээ унаад гишүүнээ ч хийгээд явахгүй нь тодорхой. Илүү том албан тушаал л амлах биз. Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын суудал ганхашгүй эзэнтэй учраас Ерөнхийлөгчид санаатай байгаа түүнийг тийш зүглүүлсэн байж мэдэх юм. Нэг асуудал гарч ирнэ. Зүглүүлж байгаад гэнэт зөнд нь орхиж хаяад их улс төрөөс арчих тактик байвал яах вэ гэдэг асуудал. Ерөнхийлөгчид Б.Жавхлан биеэ нөөгөөд учиргүй байгаа. С.Бямбацогт ч би байвал яах вэ гээд толио ширтээд сүрхий л суудаг гэсэн. Цаг нь тулдаг Ж.Энхбаярыг за чи биш юм байна аа “бро” түр хойшоо сууж бай гээд хайчлаад хаявал балрах цаашаа юм болно. Ер нь бол одоогийн байдлаар Г.Занданшатар судалгаа, нэгээс дэмжих дэмжлэгээрээ ч нэгдүгээрт хэвээр. Өөрөө л учраа олохгүй хүний гар хараад суугаа болохоос биш. Өнөөдөр лав сэтгүүлчид таны оронд Б.Чойжилсүрэнг тавих гэж байгаа юм уу гэдэг асуултад тийм юм сонсоогүй гэж хариулж байгаа ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимынхаа гишүүнийг томилж, чөлөөлдөг гэсэн шүү юм яриад Ерөнхийлөгчийн өрөө рүү гүйн одсон. Байгаа байдлаас нь яг ч бас оргүй яриа биш юм шиг ажиглагдав. Ерөнхийлөгчийн ивээлд байдаг хүмүүсийн нэг нь Ж.Энхбаяр ч гэсэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүн нь тэр арай ч үгүй байлгүй дээ.
Сэтгэгдэл үлдээх