Агаарын бохирдлын гол шалтгаан нь яндангийн утаа буюу 272 мянган өрхийн галлагаа. Үүн дээр авто машин, үйлдвэрлэл үйлчилгээний газраас гарч буй утаа, угаар нэмэгдэнэ. Утааны улирал эхлэхтэй зэрэгцээд ханиад томуу ихсэж, эмнэлэг ачааллаа дийлэхээ болив. Утаанаас үүдэлтэй ханиад өдөртөө хатгаа болж, хүүхдүүдийн уушгийг шууд гэмтээж байгааг эмч нар мэдээлж буй. Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс хэт ихэссэн ийм эмзэг хүнд үед agaar.mn сайтын мэдээллийн чанар муудсанд иргэд бухимдалтай байна.
Иргэдийн мэдээлж буйгаар эл сайтыг сүүлийн гурван өдөр ажиллуулаагүй гэнэ. Хамгийн сүүлд буюу арваннэгдүгээр сарын 3-ны мэдээллээр Хайлааст, Зайсан, 3,4-р хороололд агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байж. Гэтэл хэд хоног нэвтэрч болохгүй алдаа заасан тус сайтыг шинэчилсэн байж. Улмаар эл шинэчлэлээ иргэдэд мэдээлсэнгүй. Иргэд өмнө нь татсан апп-аа ашиглаж чадахгүй бухимдаж сууна.
Мөн шинэ сайтынх нь мэдээллийн чанар нь өмнөхөөсөө эрс муудсан аж. Тодорхой хэлбэл, агаарын чанарыг өмнөх шиг газар орон, нэгж байршлаар нь нарийвчилж өгөх бус ерөнхий Улаанбаатар, Дорнод гэх мэтээр ерөнхий мэдээлж байгаа нь иргэдэд ойлгомжгүй, нярай хүүхэдтэй ээжүүд хэзээ хүүхдээ гаргах, ахмадууд аль цагт салхилж болох, эсэхээ нарийвчлан харах боломжгүй болгожээ. Өнгөрсөн өдрүүдэд хүйтний эрч чангарсныг Цаг уур, орчны орчны шинжилгээний газраас өгч буй өдөр тутмын мэдээнээс харж болно. Өөрөөр хэлбэл, агаарын чанар өмнөхөөсөө хэд дахин муудсан байх магадлал өндөр байхад agaar.mn “ажлаа дорвитой хийхгүй” байгаад иргэд бухимдаж байна.
Сэтгэгдэл үлдээх