Чуулганы тойм

Ц.Чимэдцэеэ
2024-05-02

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуулийн дагуу хуралдаан долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт 10 цагаас эхэлдэг ч ирц хүрээгүй шалтгаангаар 1 цаг хоцорч эхлэв.

Гишүүдийн хуралдааны ирцийг 72 гишүүнээр баталгаажуулан дийлэнх буюу 39 гишүүн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцон хуралдаж байна

Хуралдааны эхэнд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын зөрүүтэй 18 саналыг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Энэ үеэр тус хуулийн төслийн Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад санхүүжилт олгох, төхөөрөмжийн зардлыг төр хариуцаж байгаа заалттай холбоотой маргаан дэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрийн өмчит судалгааны байгууллагууд бараа үйлчилгээ авахад тендергүй болох гэж байна. Энэ салбарыг төрийнхөн хөгжүүлчихдэг бол Монгол одоо хөгжихгүй юу хийж байгаа юм. Наанаа хувийн хэвшил дэмжинэ гэж байгаа ч цаанаа бүгд төрийнх болж байна. Тийм юм бол хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөөд санхүүжилтээ авах ёстой ” гэв.

УИХ-ын гишүүн, тус хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр “Хуулийн төсөлд хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн цоо шинэ заалт орсон” гэж хариуллаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлэв.

Үргэлжлүүлэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн зарчмын зөрүүтэй 48 саналыг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улсын Их Хурал МАН-ын хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ийм олон асуудал яригдана гэдэг байж боломгүй зүйл. Соёлын яам ажлаа хийх ёстой” гэж байлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлантай танилцлаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe