Нэг хувийн татварын ард нуугдсан далд сурталчилгааг цэгцлэх нь

.Graph
2026-11-07

Монгол Улсад 1 хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нэрсийн жагсаалтыг татвар төлөгчийн нууц гэх нэрийдлээр олон нийтэд нэгбүрчлэн зарладаггүй. Энэ нь энгийн иргэн битгий хэл УИХ-ын гишүүдэд ч хаалттай мэдээлэл юм. Гэхдээ Татварын ерөнхий газрын мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжүүдийн 97 орчим хувь нь энэхүү 1 хувийн татварын нөхцөлөөр татвараа төлдөг. Эндээс нийт аж ахуйн нэгжийн ердөө  3 хувь нь 10 хувь болон 25 хувийн татвар төлдөг нь харагдаж байна. Тэгвэл энэ бүхнийг цэгцлэх зарчмын зөрүүтэй саналыг  УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар гаргаж, дэмжигдсэн байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламж сайн үйлсийн аяны мэдээллийг ил тод болгох үндэслэлээ ийн тайлбарлав.  

Тэрбээр “Том компаниуд татварт төлөх ёстой мөнгөө авч үлдээд буянтны дүрд тоглон, нийгмийн сайн сайхны төлөөх нэрийн дор аливаа хандивт зарцуулаад цаагуураа бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Үүнийг ил тод болгохоор хэн нь нийгмийн хариуцлагын хүрээнд яг ямар ажил хийв, хэн татварт төлөх мөнгөө өөр зүйлд зарцуулав, аль улстөрч холбоодоор дамжуулан санхүүжилт татав гэдэг дүр зураг ил болно. Том зургаар яривал нэг хувийн татварыг харахаар 10 жилд бараг таван их наяд төгрөг болж. Үүнийг хяналтаас гадуур байлгаж болохгүй. Төрийн өмчит компаниуд төсвийн мөнгийг сургалтын төлбөрт зарцуулж, урлаг соёлд хандивласан байна. Улстөрчийн хэрэгжүүлсэн том төслийг санхүүжүүлсэн нь бий. Үүнийг ил тод тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Санал дэмжигдвэл энэ асуудал цэгцэрч иргэдийн хяналтад очно” хэмээсэн билээ. 

Олон улсад татвар төлсний дараах цэвэр ашгаасаа нийгмийн чиглэлийн үйл ажиллагаануудад хандивлаж, нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дурын үндсэн дээр бусдад тусалдаг.  Харин манай улсын том том аж ахуйн нэгжүүд нийгмийн чиглэлийн үйл ажиллагаанд нэгдэж, хандив өгөхдөө далд сурталчилгаа явуулж, зарим улстөрчийг дэмжиж, олон улсын зарчмаас хазайсныг иргэд шүүмжлэх болсон.  

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн заалтаас 

22.9.Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй доор дурдсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор элэгдэл тооцох үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт, харилцан хамааралгүй бусад этгээдэд олгосон санхүүгийн дэмжлэг, хандивын зардлыг энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас хасаж хөнгөлнө. Хөнгөлөх дүн нь тухайн татварын жилийн татвар ногдох орлогын 1 хувь хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe