Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар -ын хамтарсан Мөрдөн шалгах ажлын хэсгээс нийслэлийн төсөл хөтөлбөрт хийсэн шалгалтын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийв. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн орлогч бөгөөд албаны дарга ахлах комиссар Э.Оюунболд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн нар мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд нийслэлээс хэрэгжүүлсэн 24 төсөлтэй холбоотойгоор АТГ-аас хяналт шалгалт хийснээ тодотголоо. Шинэ тойрог авто зам, Сэлбэ төсөл, Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор төсөл нэгж хариуцсан 200 хүнийг шалгаж, мэдүүлэг авсан байна. Тэднээс есөн хүнийг эрүүгийн хэрэгт татан шалгаж, хэрэг бүртгэлтийн зургаан хэрэг үүсгэжээ.
Мөн 40 гаруй удаагийн үзлэг нэгжлэгийн явцад их хэмжээний файл хураан авч, эдийн засгийн нарийвчилсан шинжилгээ хяналт шалгалт хийж эхэлжээ. Шалгасан зургаан хэргээс дөрвөн яллагдагчид хамаарах нэг хэргийг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Дээрх дөрвөн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан аж.
Туулын хурдны замтай холбоотой 500 тэрбумаас 339 тэрбумыг нь царцаасан байна. Үлдсэн мөнгийг нь аль хэдийн зарцуулсан байж. Нийслэлийн Засаг дарга асан Х. Нямбаатарыг хууль заасан шаардлага хангаагүй, баталгаа гаргаагүй байхад урьдчилгаа шилжүүлсэн асуудалд холбогдуулан шалгаж байгааг энэ үеэр мэдээлэв. Өөрөөр хэлбэл, төслийн гүйцэтгэхээр шалгарсан этгээдэд урьдчилгаа 500 тэрбум төгрөг шилжүүлэхдээ хууль зөрчиж, санхүүгийн гүйлгээ хийх эрхийг Т.Даваадалайд шилжүүлсэн гэнэ. Тухайн үед Хөрөнгө оруулалтын газрын дарга Г “Хуульд заасан хэм хэмжээг хангаагүй тул 500 тэрбум төгрөг шилжүүлэх боломжгүй” хэмээн санхүүжилтийн эрхийг нээхээс татгалзаж байжээ. Гэтэл энэ эрхийг Х.Нямбаатар шууд Т.Даваадалайд шилжүүлжээ. Энэ хэргийн улмаас нийслэлийн ногоон бусад 352 сая төгрөгийн хохирол учирчээ.
Есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.3-т зааснаар Т.Даваадалайг яллагдагчаар татжээ. Энэ хэрэгт Т.Даваадалайгаас гадна гурван хүнийг шалгаж буй. Мөн хотын дарга асныг сэжигтнээр тогтоож, дуудсан ч ирэлгүй, хил давсан байна. Үүнээс гадна хотын захиргааны таван албан хаагчийг Шинэ тойргийн авто зам, Шинэ сэлбэ төсөл зэрэг Х.Нямбаатарын хэргүүдтэй холбоотойгоор шалгаж байна.
Сэтгэгдэл үлдээх