АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн дагуу 2026 онд төрийн албаныхны ХОМ (хөрөнгө орлогын мэдүүлэг)-д хийсэн хяналт шалгалтын ажлын дүнгээ товч танилцууллаа.
2026 аравдугаар сард АТГ-аас 155 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгахад 55 нь ХОМ-ээ худал мэдүүлсэн, бүр мэдүүлээгүй байж. Тэдэнд Авлигын эсрэг 13.8-д зааснаар хариуцлага тооцсон байна. Энэ төрлийн зөрчил өмнөх оноос 75.9 хувиар өссөн аж. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 21 төрийн албан хаагчийн мэдээллийг холбогдох нэгжүүдэд шилжүүлэн шалгаж эхэлжээ. Энэ нь мөн л өссөн үзүүлэлттэй. Улмаар АТГ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн таван албан хаагчийн хэргийг шүүхэд шилжүүлж, 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгох шүүхийн шийдвэр гаргуулж чадсан байна.
2026 оны аравдугаар сарын байдлаар 15 923 ашиг сонирхлын урьдчилсан мэдээллийг шалгаж, илт ашиг сонирхолтой аж нэгжид хамаарах 170 албан тушаалтны мэдээллийг холбогдох агентлаг, албан тушаалтнуудад хүргэж, хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөнө гэдгийг мэдээлжээ. Энэ төрлийн зөрчил энэ онд хоёр дахин өссөн. Үүнээс гадна ажлын байрны тодорхойлолтдоо тэнцэхээргүй, хууль зүйн шаардлага хангаагүй, аж ахуйн нэгжид бүртгэлтэй 1630 албан тушаалтныг илрүүлсэн байна.
Он гарсаар аравдугаар сарын байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 1006 гомдол АТГ ирсэн гэнэ. Тэдгээр гомдлыг шалгаж, 65 албан тушаалтанд хариуцлага хүлээлгэж, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигын шинжтэй үйлдэл гаргасан 87 алба хаагчийг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Мэдээллийн эцэст Н.Дамдинсүрэн төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх зөрчил өссөөр байгааг тодотгов.
Сэтгэгдэл үлдээх