Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Би Засгийн газраа аваад Хөшигийн хөндий рүү нүүе

Ц.Чимэдцэеэ
2024-05-03

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуулийн дагуу 10.00 цагаас эхлэх ёстой ч ирц бүрдээгүй шалтгаанаар нэг цаг хоцорч эхэллээ. 

Гишүүдийн хуралдааны ирцийг 72 гишүүнээр баталгаажуулан дийлэнх буюу 37 гишүүн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцон хуралдав.

Засгийн газраас Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг өргөн барьсны дагуу анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ хуулийн төслөөр бага тойруугийн  86 м.кв дотор байгаа эрх мэдлийг задалж, цэгцэрнэ гэж харж байгаа. Засгийн газраа аваад Хөшигийн хөндий рүү нүүе. Хэт төвлөрлийг шийдье”  гэв.

Мөн чуулганаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хоёр өдөр хэлэлцэж, батлахаар боллоо.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийн үеэр 31.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.10-т заасан судалгааны үндсэн чиглэлэлээр шинжлэх ухаан технологийн төслийн суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт, зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй” гэх заалтыг нэмэх эсэх асуудалд багагүй маргаан өрнөлөө.

Уг заалт нь төрийн өмчит судалгааны байгууллагад давуу эрх олгож байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Г.Тэмүүлэн нар эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн. Харин танхимд хуралдсан 37 гишүүний 21 нь дэмжсэнээр тус хуулийн төслийг батлахаар болов.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe