Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрөөр Дорноговь аймгийн Сайншанд сумд ажиллаж иргэдэд “Ерөнхий сайдаас шууд асуу”-х боломж олгов. Ерөнхий сайд Засгийн газрын бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төслийн талаар аймгийн иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав.
Мөн иргэдийн талархалтайгаар хүлээж авсан мэдээлэл нь ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно гэх мэдээлэл байв. Тодруулбал, Ерөнхий сайд Засгийн газар 2027 онд 25 мянган айлыг орон сууцжуулна. Улмаар ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутагт олгоно гэдгийг онцолсон билээ. Үүнд түрээслээд өмчлөх орон сууц ч хамаарах аж. Улмаар есөн хүүхэдтэй гэр бүл, 5-6 хүүхэдтэй багш нар буюу нийт 10 өрхөд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулан өгсөн.
“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрт хамрагдах өрх бүр орлогодоо тохирсон түрээс, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл, газраа орон сууцаар солих гэсэн хувилбараас сонгоно.. Хөтөлбөрт, төрийн үйлчилгээний ажилтан, ахмад настан, залуу гэр бүл, төрийн бусад албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл, хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрх толгойлсон эцэг, эх, олон хүүхэдтэй гэр бүл, гамшгийн улмаас орон гэргүй болсон иргэдийг хамруулна. 56 суманд төрийн албан хаагчийн түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ. Ингэснээр төвлөрөл саарах, сум, орон нутагт төрийн албан хаагчид тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Орон нутагт орон сууцны ипотекийн зээлийг жилийн зургаа, мөн зарим нөхцөлд Засгийн газрын гурван нэгж хувийн татаастай буюу гурван хувийн хүүтэй олгодог. Ингэхдээ Улсын комисс ашиглалтад хүлээн авсан, улсын бүртгэлд бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад дээрх зээлийг олгодог билээ.
“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх, орон сууцанд хамруулах журам’’-д заасан тусгай шалгуур үзүүлэлтээр иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулдаг байна. Тухайлбал, орон нутагт нэн шаардлагатай чухал мэргэжилтнийг татах, төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй иргэн, өрх толгойлсон эцэг, эх, малчдыг сонгон шалгаруулдаг байна. 2023 оноос хойш 545 өрхийг орон сууцанд хамруулжээ. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, нэн шаардлагатай мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах бодлогоор 2023 оноос таван жилийн хугацаатай “Тусгай зориулалтын бэлэглэлийн гэрээ” байгуулж, 23 мэргэжилтэнд орон сууц өмчлөх эрхийг үнэ төлбөргүй шилжүүлжээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Сайншанд, Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт “Мандах наран-1000 айлын орон сууц”-ны цогц хорооллын газар олголт, дэд бүтцийн ажлыг орон нутгаас шийдвэрлэж, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг аймгийн удирдлагууд танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх